Анхны хүнд даацын экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нээж, тээвэрлэлтийг эхлүүллээ

70 шахам жилийн дараа 5,000 гаруй монгол инженер, монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтад оруулж чадлаа.

Өнөөдөр манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж байна. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэшл ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 гаруй аж ахуйн нэгж ажилласан юм.

Уг төмөр зам ашиглалтад орсноор тогтмол ажлын байр 2,000-аар нэмэгдэж, малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, хөрс, агаарын бохирдол 74 хувиар буурна хэмээн тооцжээ.

Энэ төмөр зам нь хоёр өртөө, зургаан зөрлөг бүхий, хагас автомат хориглолтой, уулзваргүй, жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай, хөгжлийн хурдасгуур болсон анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлож байлаа.

зураг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Аливаа улс орны төдийгүй хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүхэнд авто зам, төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт асар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 21 аймаг, 110 сум, суурин газрыг улсынхаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож чадсан. Энэ бол багагүй амжилт.

Монгол Улс тэртээ 1955 онд хуучнаар ЗХУ-ын инженер, техникийн ажилчдын тусламжтайгаар хойд, урд хилээ холбосон 1,111 км төмөр зам барьж ашиглалтад оруулж байсан юм. Тэгвэл 70 шахам жилийн дараа 5,000 гаруй монгол инженер, монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтад оруулж чадлаа.

Төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэн, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бололцоо бий болно.

Тухайлбал, Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дунджаар дөрөв дахин буурах нөхцөл, бололцоо бүрдэж байна.

Цаашдаа тээвэрлэлт жигдэрч, ачилтын байгууламж, хилийн төмөр зам бүрэн ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал 10 сая тн-оос 50 сая тн хүртэл нэмэгдэж, нүүрсний экспортын орлого хоёр дахин өсөх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам байх болно.

зураг

Мөн энэхүү Төмөр зам ашиглалтад орж буйгаар 2,000 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.

Түүнчлэн бэлчээрийн доройтол, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол зэрэг экологийн хохирол 74 хувиар буурах тооцоо судалгаа гарсан бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төмөр замын дагуу мод тарьж, ургуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай эрчимжүүлэх явдал чухал юм.

Цаашид экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг хийж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэдээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Ийнхүү Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ.

зураг

Энэ төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулж байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Бодь интернэшнл группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан “Бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлснээс дөнгөж хоёр долоо хоногийн дараа цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс хилээ хаасан. Мөн БНХАУ, ОХУ гээд улс орнууд хилээ хааж эхэлсэн. Уг бүтээн байгуулалтын 80 орчим хувь нь импортын бараа бүтээгдэхүүнээс хамааралтай.

Бетон, шилэн кабель, тоног төхөөрөмжүүдийн ихэнхийг нь гаднаас татах ёстой байв. Ийнхүү шинээр үүссэн нөхцөл байдалд хурдан дасан зохицож, ажлаа зохицуулах шаардлага 28 сарын хугацаанд гарсан. Бэрхшээл яриад байвал мундахгүй. Гэхдээ 28 сарын дараа Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хүлээлгэн өгч байгаадаа манай хамт олон баяртай байна. Мөн хамт олноороо ихэд бахархаж байна” хэмээв.

Уг бүтээн байгуулалт нь хоёр түвшний автозам, төмөр замын гарам, 584,791 ширхэг төмөр замын бэхэлгээ, 109 ширхэг төмөр замын суман шилжүүлэг, 208 гэрлэн дохио, 271 километр урт өндөр хүчдэлийн шугам, цахилгааны 12 дэд өртөө, радио холбооны 13 цамхаг, 470 километр урт шилэн кабель, 26,500 м.кв бүхий барилга байгууламжтай юм.

Leave a Reply

%d bloggers like this: