Р.ЭНХТҮВШИН: “Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ ХАМГИЙН ЧУХАЛ”

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГАН БОЛНО

“Монгол улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” үндэсний чуулган 2022 оны 9-р сарын 13-ны өдөр “Корпрейт энд Конвейшн Центрийн Улаанбаатар хурлын танхимд болох гэж байгаатай холбогдуулан холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр “Хэвлэлийн хүрээлэн”-д мэдээлэл хийлээ. Чуулганд Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага болон Хууль зүй, Хөдөлмөр нийгмийн хамгаалал, Санхүү зэрэг бусад салбарынхан өргөнөөр оролцож сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцэх юм. Чуулганы зорилго, ач холбогдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДЭД ЗАХИРАЛ, АНАГААХ УХААНЫ ДОКТОР Н.АЛТАНЗУЛ:

Өнөөдөр сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудал тулгамдсан хэвээр байна. Иргэд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгарсан үедээ тусламж авч чадахгүй улмаас даамжруулж, ноцтой байдалд хүрсний дараа л мэргэжилтэнд хандаж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх вэ гэдгийг оновчтой тодорхойлохын тулд судалгаа шинжилгээг тогтмол явуулж байх шаардлагатай юм. Манай улсын хувьд 2013 болон 2021 онд хийгдсэн асуумжийн аргаар явуулсан судалгаагаар жил ирэх тусам сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд өссөн үзүүлэлттэй гарсан. Тухайлбал 2021 оны 11-р сард асуумжийн аргаар 7919 хүнээс судалгаа авахад судалгаанд хамрагдагсдын 55 хувь нь сэтгэл түгших хамшинж, 62.2 хувь нь сэтгэл сульдлын /архаг яадаргаа/ хам шинж, 39.6 хувь нь сэтгэл гутрах хамшинжтэй гарсан. Өнөөгийн байдлаар сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн сэтгэл зүйчдийн анхаарах асуудал бус бусад салбаруудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай хэмжээнд хүрчээ. Иймд өргөн хүрээнд хийгдэж байгаа тус чуулганаар цаашид Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн хамтарч үр дүнтэй хамгаалах асуудлыг дэвшүүлэн хэлэлцэнэ.

МОНГОЛЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Р.ЭНХТҮВШИН: “СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХАД УРЬЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ ХАМГИЙН ЧУХАЛ”

  • Цар тахалтай холбоотой сэтгэцийн эмгэг өнөөдрийн байдлаар ямар түвшинд байна, тулгамдаж буй асуудлын талаар?
  • Олон нийтийг хамарсан өвчний үед түгшүүр, айдас, нойрны хямрал, архаг ядаргаа гэх мэт түгээмэл эмгэгүүд үргэлжилдэг. Бид ковид-19 халдвараар өвдсөн болон халдвар аваагүй хүмүүсийг харьцуулан судлахад өвдсөн хүмүүст дээрх хамшинж 1.9 дахин их илэрч байсан. Ковид-19 бол шинэ төрлийн цар тахал учраас вакцин болон бусад судалгаа шинжилгээний ажлууд үргэлжилсээр байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд сүүлийн үед дэлхий дахинд дээрх сэтгэцийн хам шинжүүд урт хугацаандаа хэрхэн өөрчлөгдөж байгааг анхааран судалж байна. Харин манай улсын хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дөнгөж 1-2 хувийг энэ чиглэлд төсөвлөдөг учраас тогтмол судалгаа явагдах боломжгүй байгаа юм. Бидний дунд байгаа өсвөр насны 10 хүүхэд тутмын нэгд ямар нэг байдлаар амиа хорлох хэмжээний сэтгэцийн асуудал тулгарч байна гэдэг зайлшгүй анхаарах өндөр үзүүлэлт.
  • Удаан хугацааны хамшинжийг арилгахын тулд хувь хүн, албан байгууллага ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой вэ?
  • Сэтгэл зүйчдийн хүрэлцээг сайжруулах хэрэгтэй. Энэ чиглэлээр төгссөн мэргэжилтнүүдэд ажлын байр байхгүйгээс огт өөр мэргэжлээр ажилласаар байна. Гэтэл нөгөө талд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж авах хэрэгцээ маш их байна.
  • Чуулганы зорилго, ач холбогдлын талаар тодруулбал?
  • Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өндөр өртөгтэй, хүртээмжгүй байна. Хүртээмжтэй байлгах, наад зах нь анхан шатны эмнэлэг буюу өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэл зүйчтэй болгох нь чухал байна. Энэ нь шууд шийдэх бус, бусад салбаруудтай хамтрах, тогтолцоогоор шийдвэрлэх, санхүүтэй ч холбоотой асуудал юм. Яагаад гэвэл олон нийтийн дунд сэтгэл зүйн судалгааг тасралтгүйгээр тогтмол явуулж байж нотолгоонд суурилсан шат дараалалтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой болно.

 

 

Бэлтгэсэн: Б.Мөнхтуяа

 

Leave a Reply

%d bloggers like this: