“ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЯРУУ НАЙРАГЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ”

Улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. “Сүүн бэх” ТББ болон Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран “Нэргүй баатрууд” яруу найргийн наадмыг 2022 оны есдүгээр сарын  9-ний өдөр зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд энэ жилээс Монголын зохиолчдын эвлэл хамтран оролцож байгаагаараа онцлог юм. Нэгдүгээр шатанд нийт 84 яруу найрагч шүлгээ ирүүлж, 25 яруу найрагч хоёрдугаар шатанд шалгарч шүлгээ уншсанаас:

Тэргүүн байр: Болор цомын эзэн яруу найрагч До.Болдхуяг

Дэд байр: МЗЭ-н шагналт яруу найрагч М.Амархүү

Гуравдугааар байр: МЗЭ-н гишүүн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Я.Отгонбаяр

Дөрөвдүгээр байр: МЗЭ-н гишүүн яруу найрагч Ц.Отгонбаатар

Тавдугаар байр: “Сүүн бэх” нэгдлийн яруу найрагч Г.Сүхбаатар нар шалгарлаа.

Уран зохиолын хичээлийг монгол хэлний хичээлтэй нэгтгэх, сургалтын хөтөлбөр дэх уран зохиолын цагийг багасгах, ковид-19 цар тахлын улмаас олон нийтийг соён гэгээрүүлэх ажил хумигдсан энэ үед тус яруу найргийн наадам зохион байгуулагдаж байгаа нь нэгэн эерэг үйл явдал болж байна. Түүхийн цаг хугацаанд 1937 оноос эхтэй улс төрийн их хэлмэгдүүлэлтээр олон мянган хүн хилсээр хэлмэгдсэн байдаг ч одоо хэр тэдний хэргийг цагаатгах, нөхөн олговор олгох ажил бүрэн дуусаагүй л байна. Өнөө үед, хойшид ч хэлмэгдүүлэлт гэх аймшигт үйл явдлыг гаргахгүй байхын тулд түүний хор уршгийг бид мэддэг байх ёстой юм.

СХД-ийн “Сүүн бэх” утга зохиолын нэгдлийн Удирдах зөвлөлийн дарга В.Нэргүй “Зөвхөн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэхэд хэлмэгдэгсдийн үр хүүхэд 300 гаруй хүн байна. Бид өнгөрсөн өдрүүдэд тэдгээр хүмүүстэй уулзаж, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн хэлмэгдүүлэлт гэж юу болох, түүний хор уршиг, цагаатгалын тухай шинэ залуу үеийнхэн тэр бүр сайн мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл түүхийн энэ харамсалтай үйл явдлыг хойч үе маань бүрэн ойлгохгүй байгаа учраас бид энэ тухай ойлголтыг хүүхэд залууст өгөх, түүхээ зөв авч үлдэх зорилгоор сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлнэ. Цаашид мөн “Нэргүй баатрууд” яруу найргийн наадмыг уламжлал болгон зохион байгуулна”.

“Нэргүй баатрууд” наадамд шүлгээ уншсан хамгийн өндөр настай яруу найрагч СХД-н иргэн 82 настай Д.Банзрагч байсан бол хамгийн залуу яруу найрагч 11 настай З.Нандин-Учрал байлаа. Тэрээр өөрийн нүдээр хэлмэгдүүлэлтийн тухай дараах шүлгийг бичиж оролцсон юм.

“Хэлмэгдэгсэд”

Хөөрхөн дүү минь ээжийнхээ будгаар

Хөөр баяртай тоглож байлаа

Уруул нь ув улаан

Хөмсөг нь хав хар

Эргэж дэрвэж бүжээд

Энүүхэндээ тэр баяртай

Хонх! хонх!

Ээж минь гаднаас орж ирлээ

Өглөө хичээлдээ яваад

Өдөр нь гэртээ цэвэрлээд би завгүй

Өхөөрдөм дүүгээ хараад

Өнхрүүлж бүүвэйлж тоглоод бид завгүй

Өө, та хоёр чинь юу болов оо

Талаар нэг будаг

Өдий болсон охин

Өөдөсхөн дүүгээ харсангүй гэж

Хэрэг хийгээгүй намайг

Хэрэгтэн болгож орхив оо

Хэлмэгдэж үзээгүй биш дээ…

141-р сургуулийн 6в ангийн сурагч З.Нандин-Учрал

Бэлтгэсэн: Б.Мөнхтуяа

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: