​МҮХАҮТ: Бодлогын хүүг нэмснээр бизнес эрхлэгчдээ дампуурал руу түлхлээ

Цар тахал болон ОХУ-Украин хоорондын зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалсан хил гаалийн саатал, тээвэр логистикийн асуудал хоёр жил үргэлжлэхдээ бизнесийн салбарт хамгийн хүнд тусгалаа үзүүлсэн. Тухайлбал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бизнесийн ашиг дунджаар 52 хувь буурч, бизнес эрхлэгчдийн 81 хувь нь түрээсийн талбайн хэмжээгээ багасган, үйл ажиллагааны зардлаа танасан байна. Мөн хэрэглэгчээ авч үлдэхийн тулд тэдний 63 хувь нь үйлчилгээндээ хямдрал зарлаж, 57 хувь нь ажлын байраа цөөлж, цомхотгол хийсэн байдаг. Цаашилбал, цар тахлын үед 45 мянга орчим бизнес эрхлэгч үүд хаалгаа барьсан байна.

Дээрх хүндрэлээс гадна Монгол Улсын валютын албан нөөц багассан гэх шалтгаанаар иргэд болон бизнес эрхлэгчдэд валютын хязгаар тогтоогоод удаж буй. Үүнээс үүдэн өөрсдийн дансан дахь доллароо ч авч чадахгүйд хүрээд байгаа юм. Энэ байдлыг хүлээн зөвшөөрч ажиллах орчноо хумьж байтал банкууд бизнесийн зээлээ танав.

Энэ мэт гадаад болон дотоод орчны нөлөөт шок бүрэн арилаагүй тул бизнес эрхлэгчид Засгийн газар, Монголбанкнаас ямар нэгэн бодлогын арга хэмжээ авна гэсэн байв. Гэвч өчигдөр /2022.09.20/ Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг хоёр нэгжээр өсгөж 12 хувьд хүргэсэн юм. Энэ нь бизнес эрхлэгчдэд дахин цохилт болж, бизнесийн зээлийн суурь хүүг өсгөж байгаа аж.

Үүнээс үүдэн бизнес эрхлэгчдийн ажиллах орчинг бүрэн хааж, тэднийг дампуурал руу түлхлээ хэмээн МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин шүүмжлэхийн зэрэгцээ “Тэдэнд цохилт бус төрийн зүгээс өмнөх удаад хэрэгжүүлж байсан 10 их наяд хөтөлбөр шиг сэргэлт өгөхүйц өөр нэгэн дэмжих бодлого нэн хэрэгцээтэй байна” гэсэн юм. Түүнчлэн бизнесийн салбарт авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг тоо судалгааны үндэстэйгээр танилцуулав. Үүнд:

Бизнесийн үйл ажиллагааг бүрэн сэргээхэд:

  1. Хилийн боомтын асуудлыг шийдэх
  2. Тээвэр логистик, төмөр замын тээврийн асуудлыг шийдэх
  3. Хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох

Бизнес дэх үнийн өсөлтийн нөлөөг бууруулахад:

  1. Түр хугацааны татварын хөнгөлөлт дэмжлэг
  2. Бага хүүтэй урт хугацааны зээл олгох
  3. Түүхий эдийн хил гаалийн нэвтрэлтийг түргэсгэх

Ажлын байрыг нэмж, шаардагдах мэргэжлийн ажиллах хүчинг нэмэхэд:

  1. Мэргэжлийн ажиллах хүчээ хадгалдаг ажил олгогчид санхүү татварын дэмжлэг
  2. Ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд санхүү татварын дэмжлэг
  3. Төрөөс нэгдсэн үр дүнтэй арга хэмжээ, стратеги төлөвлөгөө батлах

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: