Халуун, хүйтэн усаа шууд авах боломжтой худгууд алслагдсан дүүрэг хороодод нээгдсээр байна

Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага (ДОУЭБ) нь ундны усны сайжруулалт хийн, стандартын дагуу шаардлага хангахуйц худаг барих төслийг алслагдсан хот, сум, дүүрэг хороонуудад хэрэгжүүлж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн билээ.

Дээрх ажлын хүрээнд ДОУЭБ нь саяхан Багануур дүүргийн 1, 3, 4-р хороонд байрлах хоёр ус түгээх байр (УТБ)-ыг төвийн шугамд холбож бүрэн смарт, халуун, хүйтэн устай худаг барьсан бол 2, 5-р хороонд байрлах гурван УТБ-ыг сэргээн засварлах ажлыг Багануур Ус ААТҮ -тай хамтран 2 сарын хугацаанд гүйцэтгэж дууслаа.

Материалын зардал болох 119,840,000 төгрөгийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив тусламжаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг Дэзэрэт ОУЭБ санхүүжүүлж харин Багануур Ус ААТҮГ-ын хамт олон барилга засварын ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэсэн юм.

Багануур дүүргийн нийт өрхийн 41% нь байранд 58% нь гэр хороололд амьдардаг. Өвлийн цагт гэр хорооллын өрхүүд усаа буцалгаж хэрэглэхийн тулд ихээхэн цаг хугацаа мөн цахилгаан зарцуулдаг билээ. Харин халуун усаа худгаас шууд авах боломжтой шинэ технологийг дээрх 2 байгууллага хамтран нэвтрүүлснээр иргэдийн цахилгааны нэмэлт хэрэглээг бууруулах, эдийн засгийн хэмнэлт хийх боломжийг ийнхүү бүрдүүлж байна.

Төслийн худгууд смарт тохиргоотой тул 24-н цагийн турш иргэдэд нээлттэй байх юм.

Дэзэрэт ОУЭБ нь ундны усны сайжруулалт хийх дээрх ажлын хүрээнд өнгөрсөн жил Налайх Дүүрэгт хуучны худгуудыг сэргээн засварлахад 179 сая төгрөг зарцуулсан бол энэ жил Багануур дүүрэг болон Дорноговь аймагт худгуудыг бүрэн самарт болгох, төвийн шугамтай холбох зэрэг ажлыг хийж сүүлийн 2 жилд нийтдээ 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Leave a Reply

%d bloggers like this: