Орон нутагт хэрэгжих ипотекийн 3%-ийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт суулгажээ

Орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэд ипотекийн 3%-ийн хүүтэй зээлд хамрагдаж, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг нь төр батлан даах талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эх үүсвэрийг ирэх оны төсөвт суулгасан талаар өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: “Орон нутагт ипотекийн зээлийг гурван хувь хүртэл буулгана. Зөрүүг нь татаас хэлбэрээр олгох бодлогын эх үүсвэр ирэх оны төсөвт суусан.

Тухайн иргэн орон нутагт очоод, шилжилт хөдөлгөөнөө хийлгээд, тэндээ зээлээ төлөх хугацаанд ажиллах тогтвортой ажлын байртай болж энэ бүхнээ нотлох юм. Ингэснээр төсвийн мөнгө гарна. Хэрэгжилт нь бодитой байх ёстой.

Түүнээс биш орон нутагт байр авсан хэрнээ буцаад яваад байж болохгүй. Хүүхдүүд нь ерөнхий боловсролын сургууль, сургууль өмнөх боловсролын байгууллагад бүртгэлтэй, тогтсон ажилтай зэрэг олон зүйлийн гүйцэтгэлд төрөөс хянаж оролцох ёстой. Төсвийн мөнгө болгон бодлогоо онох хэрэгтэй. Тэгэхээр мөнгө нь төсөвт суусан учир орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох бодлого хэрэгжинэ гэсэн үг” гэлээ.

Ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилсан байдлаар танилцуулаад буй.

Тэгвэл орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилсан байдлаар гаргасныг дахин танилцуулъя.

Үүнд:

  • Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;
  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
  • Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;
  • Барьцаалбар үйлдэх;
  • Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;
  • Банкнаас тогтоосон бусад шаардлага гэсэн байна.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: