Ажилтнаа эх орондоо аялах эрхээр шагная

“Гадаадад аялах эрхийн бичиг” гэдэг нь эдүгээ “хуучирсан” шагнал болжээ. Монгол орноо тойрч үзэх аялал жуулчлал сүүлийн гурван жилд огцом өсөлттэй, тэр дундаа хамгийн зэрлэг байгаль, хамгийн алс хол, бас адал явдалт аяллыг хүмүүс онцолдог болсон байна. Нэгэн цахилгаан станцын хэсэг хамт олныг захиргааных нь зүгээс Тайланд руу явах эрхээр шагнасан аж. Харин шагналаас орхигдож үлдсэн хэдэн нөхөд нийлээд Монголын баруун гурван аймгаар аялжээ.

Тайланд руу явсан нөхдүүд далайн эрэг, усанд сэлсэн, заан унасан тухайгаа л яриад байж. Харин баруун гурван аймгаар аялсан нөхдүүд замын турш сүрлэг өндөр уулс харсан, нуур голд сэлсэн, шаварт суусан, хээр хоносон, уул овоонд гарсан, өрөм тараг идсэн, хонины хорхог, тарваганы боодог хийсэн, биелгээ хийж хөөмийлснөө яриад дуусахгүй байж гэнэ.

Аялах эрх өгнө гэдэг нь “ДУРСАМЖ ҮЛДЭЭХ” шагнал бөгөөд тэр дундаа Монголдоо аялах эрхээр шагнана гэдэг нь үндэсний хөрөнгө оруулалт болох юм.

Тэртээ 1800 оны дунд үед Халхын Тогтохтөр ван гадагш их хэмжээгээр урсан гарч байсан шашин мөргөлийн аяллын хөрөнгийг Монголдоо авч үлдэх зорилгоор “Утай таван уул”, “Их бурхант” зэрэг гайхамшгуудыг хүний гараар бүтээлгэж байсан түүхтэй. Түүн лугаа адил гадагш урсаж буй энэ их аяллын зардлыг эх орондоо, монгол хүмүүстээ орлого болгон үлдээцгээе.

Монголын минь гайхамшиг болсон цаст өндөр Алтайн уулс, Отгонтэнгэр, Хорьдол Сарьдагийн нуруу, Дархадын хотгор, Улаан тайга, Олон нуурын хөндий, Хархираа Түргэний уулс, Цамбагарав, Ээж хайрхан, Хэрмэн цав, Дэмчогийн хийд, Шар цав, Бударын чулуу, Хөрөгийн хөндий, Дорнод Монголын тал, Халхгол, Буйр нуур … гээд тоолж баршгүй байгалийн үзэсгэлэн, түүхийн өв урин дуудсаар байна. Дотоодын аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгаа хэмнэж, үндэсний хөрөнгө оруулалт хийж, эх орноо өргөмжилж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая.

Захирал ажилтнуудтайгаа ЭХ ОРНООРОО …

Та ганцаараа аялах дуртай юу гэж асуухад ялангуяа монгол хүн “тийм” гэж бараг хэлэхгүй байх. Эртнээс нааш өргөн уудам нутагт цөөн бүлээр нүүдэллэн амьдарч ирсэн монгол хүнд “ямар нэгэн хол ойрын мэдээ сонсох, шинэ тааралдсан хүнээ сонжих, дасаад ирвэл яриа дэлгэдэг” нийтлэг шинж нуугдаж байдаг. Захирал, удирдах ажилтнууд монгол хүний энэ шинжийг аяллаар дамжуулан “илрүүлж” ажлын харилцаандаа “ашиглах” хэрэгтэй.

Байгууллагад хувь нэмэр оруулдаггүй ажилтан ч байдаг, ажил урагшлуулдаг амин чухал ажилтан ч бий. Захирал хүн компанийхаа хамгийн том HR учраас ажилтнуудаа таньж мэдэх, сөрөг ойлгомжгүй харилцаатай бол аяллаар дамжуулан эерэг болгох сонголт байна. Адал явдалт хөгжилтэй аялал, эсвэл хүч тэвчээр сорьсон морин аялалд хамт яваад үз. Үйлчилгээний ажилд “төрчихсөн” мэт хүн бий. Тэр аяллын явцад хоол унд хийх, бусдад халамж анхаарал тавих зэргээр гүйнэ.

Аяллын үед бусдыгаа хөгжөөж, элдэв сонин хачин, хов ярих зэргээр “унаган авьяас” нь илэрвэл тийм хүнийг мэдээллийн ажилтан болговол тохирч мэднэ. Мөн аяллын үед бул хар чулуу шиг хөдлөхгүй, биеэ нөөж ажигласан маягтай хүн ч гарч ирэх байх. Түүнд хяналтын чиглэлийн ажил даалгахад онодог.

Монголдоо утасны сүлжээ барихгүй, айл амьтнаас зайдуу байрлаж майхан, хийлдэг гудас, аяны хөнжил, ширээ сандал, шөнийн гэрэлтүүлэг, гал тогоог өөрсдөө босгож гитар хөгжим, хөл бөмбөг, агаарын теннис гээд хангамжаа сайн базаагаад аялах нь хэзээ ч мартагдахгүй хамт олны түүх болон үлдэнэ.

Ажилтнаа эх орондоо аялах эрхээр шагная

 

Байгаль, агаар, ус сэтгэл хөдөлгөж, урам зориг бадраана. Түүнчлэн шинэ уур амьсгал, бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ. Бултаараа аялах явцад хүн бүрийн зан ааш, зуршил, дуршил, таашаал илрээд ирнэ. Захирлууд аа, ажилтнуудтайгаа хамт Монголдоо аялан “дурсамжит түүх” бүтээцгээе.

 

Эх сурвалж: joinme.mn

Leave a Reply

%d bloggers like this: