ГХЯ: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хэргийг Солонгосын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн
Өчигдөр /2022.10.16/ БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч солонгос эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.
Улмаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан анхаарлаа хандуулж эхэлсэн талаараа мэдээлсэн. Харин ГХЯ-наас “Яг одоо Сөүл дэх Консулын газар зодуулсан эмэгтэйн асуудлаар БНСУ-ын цагдаагийн газартай уулзаж байна. Энэ хэргийг тус улсын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн. Бид мэдээллийг нь тодруулж байна. Тодорхой болохоор эргэн дэлгэрүүлье” гэсэн мэдээлэл өглөө.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр бичлэг тарах хүртэл иргэдээс ямар нэг гомдол, мэдээлэл ирээгүй байсан тул манай улсын Дипломат төлөөлөгчийн газраас уг хэрэг хэзээ, хаана болсон, тухайн иргэн хэн болох талаар зэргийг тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэлээ.