О.Хулан: Хөгжлийн банкны 42.6 тэрбумын зээлийн үлдэгдлээ ирэх оны I улиралд барагдуулна

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулангаас Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болон дотоод бүтцийн өөрчлөлт, Нүүрс болон Зэс металлын группийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хөгжлийн банкинд төлөх зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа вэ. Хэзээ барагдуулж дуусахаар төлөвлөж байна?

-Монгол Улсын Хөгжлийн банк “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. “Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банктай  2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан  зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр  зээл төлөх хугацааг 2028 оны 12-р сарын 12-ны өдрийг хүртэл буюу 9 жилийн хугацаатай сунгаж, жил бүр зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөхөөр тусгасан. Зээлийн гэрээнд тусгасан  хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрт 2019-2022 онуудад  127.9 тэрбум төгрөгийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт  2015-2022 оны гуравдугаар улирлын байдлаар 97.1 тэрбум төгрөг, нийт 225.0 тэрбум төгрөгийг төлөөд байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийг төлөхийн тулд манай баг нэлээд шаргуу ажилласан. Бид Хөгжлийн банкны зээлийг төлөх маш олон төрлийн хувилбар гарц, гаргалгаа гаргахаар судлан ажилласан. Үүний үр дүнд 117,2 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаас төлсөн.

2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж үүнээс иргэн бүр ногдол ашиг хүртсэнийг та бүхэн санаж байгаа байх. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 9,2 тэрбум ширхэг хувьцааг өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХК эзэмшиж байна. Нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Төрд ногдох ногдол ашиг нь 880,2 тэрбум төгрөг байв. Энэ мөнгө тус компанийн баланс дээр “төрд өгөх өглөг” гэсэн бүртгэлтэй төр хуваарилалт хийгээгүй байсан. Үүнээс 750 тэрбум төгрөгийг Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оруулсан. Цаана нь 134 тэрбум төгрөг үлдсэн байснаас орлогын албан татвар 13 тэрбум төгрөгийг хасаад  үлдсэн 117,2 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкны зээлийн төлбөрийг төлсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 220 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны хуримтлагдсан зээл, зээлийн хүүг есдүгээр сарын 29-ны өдөр төлж барагдуулснаар зээлийн  хэвийн ангилалд шилжиж 42.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл төлбөрийг, хүүгийн хамт 2023 оны нэгдүгээр улиралд багтаан төлж барагдуулахаар зорилт тавин ажиллаж байна.

-“Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа тэлж, бүтцийн томоохон шилжилт, өөрчлөлт өрнүүлж байна. Энэ ажил ямар шатанд яваа вэ?

-“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хууль эрхзүйн зохион байгуулалтын хүрээнд бид дүрмээ шинэчлэн батлах, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх, группийн журмаар ажиллах гээд хууль эрхзүйн түвшний ажлууд явагдаад ерөнхийдөө дуусаж байна. Одоо бид нэгдлийн хэмжээнд баримтлах бодлого журмаа тодорхойлж хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Бид дээрх бодлогуудыг тодорхойлж хэрэгжүүлснээр шийдвэр гаргалтад нэг зарчим, нэг бодлого, нэг чиглэл ойлголтоор байгууллагын чухал нөөцийг нэгдсэн байдлаар үр дүнтэй удирдах нөхцөлийг бүрдүүлэх, ач холбогдолтой гэж харж байна.

-Нүүрс болон Зэс металлын группийн үйл ажиллагаа жигдэрсэн үү?

-Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 25 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд Нүүрс, эрчим хүчний групп, Зэс металлын групп гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж группийн зарчмаар ажиллах шийдвэр гарсан.

Үүний дагуу групп компаниуд үйл ажиллагаа, техник технологи, хүний нөөцөө уялдуулах ажлууд хийгдэж байна. Мөн санхүүгийн хувьд ч асуудлыг шийдвэрлэн ажиллах боломж бүрдсэн. Жишээ нь ковидын үед Засгийн газраас эрчим хүчний хэрэглээний төлбөрийн тодорхой хувийг тэглэх, эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй байх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлснээр Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 90 хувийг дангаараа ханган ажилладаг Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нүүрсний үнийг 2019 оноос хойш нэмээгүй. Үүнээс үүдэн тус уурхайнуудад 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад санхүүгийн дутагдал үүсээд байсныг группийн хүрээнд шийдвэрлэн ажиллаа.

Цаашид ч хөрөнгийн удирдлагын хүрээнд нэгдлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээг дотоод нөөц бололцоогоор санхүүжүүлэх, ашиглалтад оруулах хугацааг түргэсгэх, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүд үргэлжилнэ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

Ярилцсан: Itoim.mn

 

Leave a Reply

%d bloggers like this: