Хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна

Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургаадугаарт ордог судалгаа гарчээ.

Тэгвэл ЭМДҮЗ-ийн 2022 онд баталсан 01-р тогтоолын хүрээнд хөхний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээ болоод мэс заслын дараах хими, туяа, байн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

ЭМД-ын сангаас хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, мэс заслын хүндрэлээс хамаарч 905 мянгаас 3.6 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.

Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ /мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ/-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед /өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана.

Тус тогтоолын хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийт 188 иргэн хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд хамрагдаж, ЭМД-ын сангаас 596 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.

Өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 25 эрүүл мэндийн байгууллагууд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна. Эдгээр байгууллагын 14 нь Улаанбаатар хотод, 11 нь орон нутгийн эмнэлгүүд байна. Та эрүүл мэндийн даатгалтай гэрээт байгууллагуудтай https://emd.gov.mn/pages/5 линкээр орж танилцаарай.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: