Жагсаалын үр дүн: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг эцэслэн баталлаа

Иргэдийн нүүрсний хулгайг эсэргүүцэн жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын гол шаардлага нь нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллагаас 17 хүний нэрийг зарласан юм. Мөн жагсагчид авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулдаг 40 сая төгрөгийн торгуулийн ялыг байхгүй болгож, улстөрд нөлөө бүхий этгээдүүд мэдээлэлд ойр байдлаа ашиглан хулгай луйвар хийсэн нь нотлогдвол Эрүүгийн хуулийн хамгийн чанга ял өгдөг болгохыг шаардсан юм. Жагсагчдын шаардлагын дагуу Засгийн газар түргэн шуурхай ажиллаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор лхагва гаригт өргөн барьсан. УИХ уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг хоёр өдөр хэлэлцээд дөнгөж сая /2022.12.16/ эцэслэн баталлаа. Хуулийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 44 нь дэмжсэн юм.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанаар:

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт 20 жил хүртэлх ял оногдуулна.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгч, Ерөнхий прокурор болон прокурорууд, аймаг нийслэлийн Засаг дарга нар, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн дарга нар зэрэг улстөрд нөлөө бүхий этгээдүүдээс гадна Төрийн болон Орон нутгийн өмчит компанийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэггүй боллоо. Эдгээр албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасч, 5-12 жилийн хорих ял оногдуулдаг болохоор хуульд заасан байна.

-Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 зүйл ангиудад заасан ялын босгыг нэмэгдүүлэв.

-Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад олгож байсан 40 сая төгрөгийн торгох ялыг хэрэгсэхгүй болгож, хорих ял  болгов.

-Улстөрд нөлөө бүхий этгээдүүдийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг хурааж, 2-8 жилийн хорих ялтай болов.

-Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг асуудалд цэг тавив. Албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Халдашгүй бүрэн эрхтэй хүнийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа нь дууссан үеэс сэргээн тооцдог болно.

Энэхүү хуулийн өөрчлөлт нь ёсчлон батлагдсан өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: