МАНАЙХААС ХЯМДХАН ҮНЭЭР ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙГООС НҮҮРС АВЧ БАЙГАА ХЯТАДЫН ХУДАЛДАН АВАГЧ ОЛОН БИЙ

Голомт банкны ТУЗ-ийн дарга асан, “Бодь интернэйшнл” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч бөгөөд сүүлийн үед үүссэн оффтейк гэрээтэй холбоотой Д.Баясгалан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.12.19/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бодь Интернэшнл” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам болон Богдхан төмөр замын гүйцэтгэгчээр шалгарсан юм. Монголын Засгийн газрыг төлөөлж захиалагчаар Тавантолгой төмөр зам, санхүүжүүлэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилласан бөгөөд талуудын хийсэн гэрээ нь оффтейк нөхцөлтэй, төрийн нууцад хамруулсан юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК болон нүүрс тойрсон асуудлын хүрээнд нууцад хамруулсан гэрээг ил болгосон юм. “Бодь Интернэшнл” ХХК-ийн хийсэн гэрээний 1 км төмөр зам барих зах зээлийн өртөг хэт өндөр мөн санхүүжилтийг нүүрсээр барагдуулах гэрээний үнэ хэт бага байгаа зэрэг олон асуудлыг дагуулж буй. Уг асуудлуудад Д.Баясгалан тайлбар өглөө.

Тэрбээр “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудалтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүслээ. Хүмүүс Зүүнбаян, Ханги Мандалын төмөр замын бүтээн байгуулалттай андуураад байдаг. Бидний хэрэгжүүлсэн төсөл бол зөвхөн Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын цогцолбор.

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 оны зургадугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын 252-р тогтоолоор, “Энержи ресурс” компанид энэ төмөр замыг барих концессын эрхийг өгсөн. Энэ өдрөөс хойш тус компани судалгаа, шинжилгээ, зөвлөгөө, газар шорооны анхан шатны зураг төслийн ажил болон бусад бүх бичиг баримтуудыг олон жил хийсэн. Дараа нь дөрвөн жилийн дараа 2012 онд Засгийн газартай Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх нөхцөл бүхий концессын гэрээг байгуулж, байгуулсан байдаг. Ингэж “Энержи ресурс” төслийн ажил эхэлсэн.

Анхны 2008 оны зөвшөөрөл нь С.Баярын Засгийн газрын үед, 2012 оны зөвшөөрөл нь Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан. Удалгүй Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд таван сарын өмнө байгуулсан концессын гэрээг цуцласан. Улмаар энэхүү лицензийг нь Төрийн өмчийн компани болох “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. Ингээд энэ компани “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээр хийгээд өмнө гүйцэтгэсэн ажлуудад нөхөн төлбөр олгосон. Мөн зардлыг олгож, Хөгжлийн банкнаас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авахаас эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлыг үргэлжүүлсэн. Ингэхдээ шинээр тендер зарлахгүйгээр, эхлүүлсэн тэр бүх ажлыг хөндөхгүйгээр “Самсунг” ХК-ийг үргэлжлүүлэн ажилласан. Тэгээд энэ ажил явж 2014 оны сүүлээр санхүүжилтгүй болоод зогссон. Дараа нь идсэн ууссан, хөрөнгө завшсан асуудал гарч, хэрэг үүсгэн, шалгалт оруулсан. Ингээд энэ төсөл 2015 оноос бүрэн зогссон. Тэнд 210 гаруй км төмөр замын суурь бүтцийн инженерийн байгууламж зогссон.

Дараа нь 2015 онд Ч.Сайханбилэгийн засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд гадаадын компанитай хамтрагч хамтрах ёстой гэж үзсэн. Ингээд ажлын хэсэг байгуулж, холбогдох гэрээ хийсэн БНХАУ-ын Шиньхау энержи компани, Монголын “Энежри ресурс”-тай байгуулах гэрээ нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна, Монгол Улсад илт хохиролтой байна гэж УИХ-аар дүгнэлт гаргуулаад энэ гэрээ бас л цуцлагдсан. Ингээд 2015-2019 он хүртэл энэ төсөл таван жил зогссон. Үүнээс болоод овоолсон шороо л үлдсэн, хүмүүс нь зугтаад алга болсон гэх ойлголт үлдчихсэн.

Хөгжлийн банкнаас гаргасан 400 сая доллар хаачсан юм бэ гэж асуудаг. Улсын төсвөөс 76 сая ам.долларыг гаргаж 74 сая ам.долларыг “Энержи ресурс” компанид нөхөн төлбөр болгож өгсөн. 200 сая ам.доллар нь Самсунг гэдэг компанид олгож, инженерийн суурь бүтцийн байгууламж хийгдсэн.

“Энержи ресурс”-ийн захиалгаар 2013 онд Австралийн компанийн хийсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ нь 1.068 сая ам.доллараар батлагдсан. Энэ ТЭЗҮ-ээр ажлаа эхэлж байхад нь захиалагч нь Монголын төмөр зам болж солигдсон ч ТЭЗҮ дээр нэг төгрөгийн өөрчлөлт ороогүй. Энэ ТЭЗҮ-гээр Самсунг үргэлжлүүлсэн. Өмнө нь гаргасан 274 сая ам.долларыг хасаад зөрүү болох 792 сая ам.доллараар манайхтай гэрээ байгуулсан. Танай компани энэ төслийг дуусгаж өгөөч гэж бидэнд хандсан. Бид 2019 оны сүүлээр гэрээ байгуулахдаа 2013 оны буюу долоон жилийн өмнө үнээр гэрээ байгуулсан.

Бидний анхны гэрээ бол 792 сая ам.доллар буюу ТЭЗҮ-д ямар ч өөрчлөлт оруулаагүй. Анхны ТЭЗҮ нь хил рүү очоогүй буюу хилээс 37 км-ийн наана хүрэх төмөр зам байсан. Дараа нь төрийн байгууллагууд нэмж 80 км төмөр зам барина, хил хүртэл тавина гээд 213 сая ам.долларын нэмэлт ажлыг манайд өгсөн. Ингээд нийт төслийн өртөг 1.05 сая ам.доллар болсон. Энэ бол нийт зургаан багц ажлын өртөг. Төмөр зам дангаараа 474.2 сая ам.доллар буюу нэг км нь 1.460 мянган ам.долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй гэрээ байгуулсан.

Таван сая ам.долларын өртөгтэй төмөр зам барчихлаа гээд байгаа нь худлаа шүү. Мөн бид I зэрэглэлийн өртөг өндөртэй замыг харин ч хямд барьж өгсөн.

Хоёрт, нүүрсний гэрээтэй холбоотой асуудал бий. Энэ төслийн санхүүжүүлэгч нь Эрдэнэс-Тавантолгой компани мөн. Захиалагч нь Тавантолгой төмөр зам. Хоёулаа төрийн өмчит компани. Манай компанийг 30 сарын дотор энэ төмөр замыг барьж өг гэдэг даалгавар өгсөн. Захиалагч тал манай санхүүжилтийг 60 сараар өгнө гэж байсан. Ингэхдээ төслийн санхүүжилтийн 15 хувийг урьдчилгаа болгож өг, үлдсэн 85 хувиа жаран сарын хугацаанд нүүрсээр өгөх гэрээ байгуулсан. 2019 онд энэ төсөл рүү орох хүн байгаагүй үед бид орсон. Эрдэнэс-Тавантолгой компани гадаад, дотоодоос санхүүжилт босгох гээд чадаагүй. IPO нь ч бүтээгүй. Олон улсын санхүүгийн тайлангүй, рейтинг тогтоолгоогүй учраас санжүүжилт татах боломж хумигдсан. Санхүүжилт татах цорын ганц боломж нь нүүрсээ өгөх байсан. Ийм учраас л нүүрсний гэрээ рүү орчихсон юм. Бид индексийн үнээр нүүрсээ авч байгаа. Улирал тутам нүүрсний үнэ шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа, тэр үнээр л нүүрсээ авахаар тохирсон. Манайхаас хямдхан үнээр Эрдэнэс-Тавантолгойгоос нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон бий. Бид хамгийн хямдхан нь биш. Бид нүүрсний үнэ өссөн тохиолдолд бага нүүрс авна, нүүрсний үнэ унасан тохиолдолд их нүүрс авах гэрээтэй” гэсэн юм.

Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байна. Одоо манай төсөл 82 хувьтай явж, тэнд олон зуун хүн ажиллаж, өдөр болгон нүүрс тээвэрлэж байна. Гэхдээ одоо үүссэн  нөхцөлөөс болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт дээр бид өөрсдөөсөө 800 саяас илүү ам.долларыг энэ төсөлд зарцуулчихсан. Бид төрөөс 400 орчим сая ам.долларын бэлэн мөнгө, нүүрс авсан байна. Одоо бид төрөөс 220 сая ам.долларын авлагатай. Хэрэв төр мөнгөө өгч чадахгүй бол торгуультай. Бас бид ажлаа хийж чадахгүй бол 20 хувийн торгууль төлөхөөр тохирсон гэрээ бий” гэв.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: