С.Шаарийбуу: Шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгох болсон хэдэн тоонд битгий ач холбогдол өгөөрэй

Малайзад 2006 онд бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу өөрийн өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 7 хоногт Малайзын Дээд шүүхээс Ш.Алтантуяагийн гэр бүлд 5 сая малайз ринггит буюу 1.1 сая ам.долларын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан юм.

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу: 1990 онд бид ардчилсан нийгэмд шилжсэн. Тэр үед бидний нэрлэдэг байсан хөрөнгөтөн нийгмийн хаалгаар бид өөрсдөө явж орсон. Тэдний нэг нь миний охин байсан. Миний гэнэхэн охин яг л тэр үеийн залуустай адил амьдрах гэж зүтгэсэн. Би охиноо их санадаг. Санахгүй байхын аргагүй. Охиноосоо хойш би Азийн бар гэгддэг Малайзын мангасуудтай нүүр тулсан. Анх ардчилсан, хүнлэг, шударга нийгэм байна гэж итгэж очсон. Бодит байдал дээр бохир болгонтой нүүр тулсан. Хуулийг дүрмээр шийддэг. Хуулийг биелүүлэх ёстой. Юуны түрүүнд энэ хэрэг шийдэгдэхгүй яагаад ийм олон жил болов. Уг нь энэ хэрэг бараг үйлдэл дээрээ баригдсан юм. Хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жил хэргийг шийдэх гэж явлаа. Бараг бүтэлгүй талдаа явсан. Хэдийгээр хэргийг үйлдсэн офицерууд нь баригдаж, хуулийн байгууллага шалгасан боловч тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд Малайзын төрийн эрх мэдэл бүхий, өөрөөр хэлбэл, бүхнийг мэддэг хүний тушаалаар үүргийг биелүүлсэн гэж мэдүүлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгаасан. Энэ нь ч үнэн байсан. Гэвч энэ улсуудын мэдүүлж байгаагаар шийдвэрлэж болдоггүй юм байна. Нэг талд эрх мэдэлтэй, мөнгөтэй, нөлөөтэй Малайзын Ерөнхий сайд байсан хүн, түүний улс төрийн зөвлөх энэ хэргийг явуулсан гэж би үздэг. Тухайн үеийн төрд үйлчилдэг шүүх, прокурор цагдаа, тэдэнд зөвлөдөг гадаад дотоодын хуулийн том фирмүүд ажилласан. Харин нөгөө талд хохирогч би ганцаараа зогссон. Малайзад болсон энэ хэрэгт Монголын төр оролцох боломжгүй байсан. Тухайн үед манайд туршлага ч байгаагүй. Тухайн үед Малайз улстай манайх эрх зүйн гэрээгүй байсан. Одоо ч байхгүй. Эрх зүйн гэрээгүй учраас хуулийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ийм улс орон олон байна.

Манай гэр бүл Зөвлөлт холбоот улсад олон жил амьдарсан. Миний охин орос хэлийг цэцэрлэгээсээ сурсан учраас англи хэлийг ч бүр багаасаа сурсан. Дараа нь Хятадад дөрвөн жил сураад хятад хэл сурсан. Хоёр хүүтэй байсан. Бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Хүүгийнхээ төлөө явж байгаад л баривчлагдсан. Баригдахынхаа өмнөх өдөр тэдний цагдаагийн газар очиж “Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хэрвээ ямар нэгэн асуудал болбол Разак Багинда гэдэг хүн шийднэ гэж” мэдүүлэг өгсөн байдаг. Өөрийн гараар бичиж өгсөн. Талийгаач охин маань сэргэлэн хүн байсан учраас сүүлд очихдоо хоёр найзтайгаа очсон. Разак Багиндатай уулзахдаа гурвуулаа очдог. Гурвын гурван хүнийг цааш нь харуулж чадахгүй. Гэтэл Разак Багинда буудалд нь өөрийнхөө хүнийг тагнуулаар тавьсан. Тэр нь үүдэнд нь хэвтэж байдаг. Шөнө болохоор өрөөнд нь орж ирдэг. Зорилго нь талийгаачийг цонхоор авч шийдэх. Ингээд золгүй явдал мэт харагдуулах зорилготой байсан гэж хэлдэг. Талийгаач хоёр найзтайгаа очсон учраас араас нь хөөцөлдөх хүнтэй болсон байсан.

Хэргийг үйлдсэн хоёр хүний нэг нь 27 жил Малайзыг удирдсан хүний хамгаалах албаны ахлах офицер, нөгөө нь Шадар сайдынх нь бие хамгаалах албанд ажилладаг офицер байсан. Энэ хүний одоогийн мэдүүлж байгаагаар “Манай Ерөнхий сайд намайг өрөөндөө дуудаад Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуул эмэгтэйг устгах хэрэгтэй байна. Чи энийг хэрэгжүүл” гэж үүрэг өгсөн гэдэг. Тэгэхэд нь “Би хэнтэй уулзах вэ” гэж асуухад, “Багинда гэдэг хүнтэй уулз. Тэр хүн чамд бүх зааварчилгааг өгнө. Тэр хүнд тусал” гэж хэлсэн байдаг. Багиндатай бичсэн мессеж дээр “Би өмнө нь 7,8 хүн цааш нь харуулж байсан туршлагатай. Хүсээд байгаа юмыг чинь хийгээд өгнө” гэсэн байдаг. Олон удаа бэлтгэж байгаад энэ аймшигт хэргийг үйлдсэн. Тэр орой нь “Багинда та өнөө орой тайван унтаж болно” гэж мессеж бичсэн байдаг. Түүнийхээ төлөө 300 сая ринггит авсан гэж мэдүүлдэг. Шүүх нь анхнаасаа хуулиа умартаж, эрх мэдэлтнүүдийн төлөө ажилласан. 12 жил тэдэндээ үйлчилсэн. Шүүх, прокурор, цагдаа хүчний байгууллага бүгд ажилласан.

Тэгэхээр яаж үнийг тогтоох вэ. Нажибын засаглаж байсан 12 жил ингэж өнгөрсөн. Энэ 12 жилд манай талаас нөлөөлөх ямар ч боломж байгаагүй. Тухайн үед “Магадгүй энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж мэднэ шүү. Чи тэвчээртэй байгаарай. Эрүүгийн хэргийг чинь би тууштай шийдэж өгнө” гэж Малайзын талын өмгөөлөгч маань надад хэлж байсан. Охиныг минь зэрлэгээр хөнөөсөн шиг хэрэг өмнө нь гарч байгаагүй юм билээ. Гэр орныхныг нь, үлдэж байгаа үр хүүхдийг нь энэ олон жил аймшигтайгаар балбасан. Давхар намайг сөхөртөл хохироосон. Энэ бол хэлмэгдүүлэлт. Эдийн засаг, сэтгэлзүйн хувьд. Яах вэ би азгүй, хувь тавилангүй хүн байсан юм байлгүй. Энэ өдрийг хүртэл ямар ч байсан би амьд байх ёстой гэж салганаж явсаар өдийг хүрлээ. Ээж нь өнгөрсөн. Бие муутай байсан нэг хүү нь бас өнгөрсөн. Энэ хугацаанд би 300 гаруй өргөдөл бичсэн байна. Монголын Хууль зүй, Гадаад харилцааны бүх сайдтай уулзсан. Тусалдаг л гэж бодсон. Гэхдээ тийм биш юм билээ. Хууль дүрэмтэй учраас боломжгүй юм билээ. Хууль нь өөр учраас гар дүрэх ямар ч боломжгүй. Арай л өөрийгөө зарсангүй явсаар байгаад энэ 17 жилийн ард гарлаа. Энэ хугацаанд өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан нэг амьдрал үлдлээ. Би яах гэж явсан юм бэ. Би мөнгө төгрөг нэхэхгүй, шүүхэд нөлөөлж чадахгүй. Харин уучлаарай гэдэг үгийг хэлүүлэх гэж 17 жил явлаа. Гурав хоногийн өмнө хэлүүлж чадлаа.

Алуурчдыг барьсан, шүүсэн, ял оноосон. Цаазын ял оноосон ч хэрэгжээгүй. Гэмт хэрэг үйлдсэн хоёр хүний нэг нь Австралид, нэг нь нутагтаа байгаа. Нутагтаа байгаа нь “Бид хоёр хамтарч хийсэн. Би үүнийхээ төлөө цаазын ял явахгүй” гэдэг. Австралид байгаа нь “Миний амийг өршөөхгүй бол би нутагтаа очихгүй” гэдэг. Шүүх энэ хэргийн захиалагч хэн бэ гэдгийг тогтоох ёстой. Энэ бараг боломжгүй юм билээ. Үүний төлөө л энэ олон жил явсан. Гурав хоногийн өмнө анх удаа Багинда гэдэг хүн захиалагч нь гэдгийг тогтоолоо. Энэ хүнийг шийтгэхгүй байх. Өөрөө гардаж хийгээгүй.

Гэхдээ тэр захиалагч мөн. Энэ үнэнийг тогтоож өгч чадахгүй дээ гэж бодож байсан. Хууль чаддаг юм байна. Ийм өдөр ирдэг юм байна.

Сангит бүсгүйд баяр хүргэе. Ийм хуульч байх ёстой. Өнгөрсөн жил миний төлөө халуун орноос арванхоёрдугаар сард Монголд ирж байсан. Энэ хэргийн араас олон орноор явж баримт, материал цуглуулсан. Ирэх зун Монголд ирээрэй гэж урьсан. Тэр үед төр засаг нь зохих байдлаар урамшуулах байх гэж найдаж байна.

Шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгох болсон хэдэн тоонд битгий ач холбогдол өгөөрэй. Би баярлахгүй байна. Хүний амь гэдэг иймхэн юмаар дуусдаг юм биш. Үр хүүхэд гэдэг бол эцэг хүнд, төрөл саданд нөхөх боломжгүй, хэмжиж болохгүй үнэтэй. Харин Малайзын шүүх хэзээ нэгэн цагт ийм шийдвэр гаргана гэдэгт би итгэж байсан. Тэдэнд гарах гарц байхгүй. Асуудал ингээд дуусахгүй болов уу. Одоо тэд давж заалдана. Эрх нь байгаа. Захиалагч, хэргийг үйлдэгч нарыг хэрхэн шийдэх асуудал дуусаагүй байна. Алийг нь ч шийдээгүй байна. Яахыг бүү мэд.

Үргэлжлүүлэн: Шүүх анхнаасаа хуулиа умартсан. Эрх мэдэлтнүүдийн төлөө 12 жил ажилласан. Ингээд Разак Наджиб засагласан 12 жил өнгөрч байгаа юм. Монголын олон иргэн Малайзад амь насаа алдсан, хийгээгүй гэмт хэргийнхээ төлөө гүтгэгдсэн, хүний наймааны золиос болцгоосон. Надаас бусад нь юунд ч хүрч чадаагүй болохоор би тэдний өмнөөс хариуцлага хүлээсэн. Ямар ч гэсэн эцсээ хүртэл явна гэж шийдсэн.

Малайзад онгоцоор яваад очно, тэндээс буухаар нь орсон гэж паспорт дээр нь дардаг. Гэхдээ компьютер дээрх бүх мэдээллийг нь устгадаг юм байна. Ингээд л араас нь дагаж очоод хууль бусаар орж ирсэн гэж элдвээр шахна. Маш олон монгол залуус ийм байдалд орсон, нэлээд хэд нь амь насаа алдсан. Ийм ертөнц рүү олон хүн орсон. Зарим нь намайг авраач, аваач гэж хашхирсаар амиа алдаж, захын үүдэнд дүүжлүүлсэн байдаг. Тэдний буруу биш, цөмөөрөө амьдрахын тулд гаднын орныг зорьсон. Гадаад руу сурч, амьдрахаар явж байгаа олон хүнд хэрэг болох болов уу гэж хэлж байна. Нэг л удаа би ярина. Олон дахин ярьж чадахгүй

Баривчлагдсан монголчууд өвдгөө цоортол цементэн шалан дээр сууж, Малайзын төрийн дууллыг тэдний хэл дээр уншдаг юм билээ. Ийм хүн маш олон байдаг. Надтай уулзсан хүн ч бий хэмээлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Тэгэхээр Р.Багиндад эрүүгийн хариуцлага ногдуулах асуудал яригдахгүй байх. Харин иргэний хариуцагчаар гэм буруутайг тогтоосон. Энэ утгаар дөрвөн хариуцагч нийлээд хохирлыг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Р.Багинда тодорхой хэмжээний мөнгөн төлбөр төлөх хариуцлага хүлээж байгаа гэдгийг өмгөөлөгч Б.Баяр хэлэв.

Мөн С.Шаарийбуу гуай: Би цаашдаа монгол хүний эрхийн төлөө, шударга үнэний төлөө хүчтэй шүгэл үлээгч байна. Шударга бусын төлөө бүгд дуугардаг, хүчээ нэтгэлдэг, ухаалаг сонголт хийж чаддаг, сонгуулиа хийж чаддаг, үр дүнд хүрдэг ард түмэн байцгаая гэсэн юм.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: