Нэг ажил аваад ашиглалтад оруулах сонирхолгүйгээр жил бүр төсөвт өртгийг нь нэмээд явдаг гаршсан компаниуд байна.

Боловсролын салбарын тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хөндөв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Тендерт шалгарсан мөртлөө ажлаа гүйцэтгэж чадахгүй хаяад явдаг. Эсвэл ажлаа чанаргүй гүйцэтгэдэг компаниудад цаашид ямар хариуцлага тооцох вэ? Хар жагсаалт гаргаад зарладаг, дараагийн тендерт оролцох эрхийг нь хаах ч юм уу арга хэмжээ авмаар байна. Ямар ч хариуцлага үүрч байгаа зүйл алга. Арай дэндлээ. Жишээлбэл, Архангай аймгийн Өлзийт сумын сургуулийн барилгын өргөтгөл барьж буй компани байна.

Тендер зарладаг байдлыг хариуцлагатай болгох хэрэгтэй. Гурваас таван сарын хооронд тендер зарлаад дуусгадаг баймаар юм. Өмнөх жилүүдэд арваннэгдүгээр сард тендер зарладаг. Газар хөлдсөн хойно тухайн компани яаж ажлаа хийх юм бэ? Арай л сэтгэлгүй зүйлүүд их бий” гэлээ.

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Нүүрсний хулгай гэдэг шиг тендерийн хулгай нэртэй муу тогтолцоог бий болгосон байна. Олон жил болж байгаа. Энэ бол ганцхан манай салбарын асуудал биш. Нэг ажил аваад ашиглалтад оруулах сонирхолгүйгээр жил бүр төсөвт өртгийг нь нэмээд явдаг гаршсан компаниуд байна. Тендер зарлахаас эхлээд хамгийн хямдхан үнээр ордог. Тендер авсан мөртлөө гүйцэтгэл гаргахгүй сэглээд байдаг.

Барилгын магадлан итгэмжлэлтэй нийлээд төсөвт өртгөө нэмдэг. Олон жилийн дараа улсын комисс авсан ч үүнээс нэгээс хоёр сарын дараа хөлддөг, хаалга цонх нь эвдэрдэг асуудал байна.

361 төсөл арга хэмжээнээс 108 дээр нь тодорхой эрсдэл гарах гээд байгаа юм. 150 гаруй барилга дээр барилгын хяналтын нэгдсэн магадлан итгэмжлэл, аудит оруулж нэг мөсөн цэгцлэх шаардлагатай. Наймаас есөн жил болсон объект байна. Ажил нь дуусдаггүй.

Засгийн газраас тендерийн шинэ хуулийг өргөн барьж байгаа. Компаниудын тендер шалгаруулалт дээр тодорхой ахиц дэвшил гарах болов уу гэсэн хүлээлт байна” гэсэн юм.

Leave a Reply

%d bloggers like this: