Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгийн бирж рүү орсноор ногдол ашгаа авах боломж бүрдэнэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаатай холбоотой асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт өгсөн.
Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэхүйц хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм. Гэвч уг хувьцаа одоог хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй, хаалттай хэвээр байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 1072 хувьцаа үхмэл байгаа. Ард түмэн хувьцаа эзэмшсэн нэртэй. Хувьцаа эзэмших эрхийг нь ард түмэнд нээж өгөх үүднээс энэ хуулийг гаргаж байна. Ажлын хэсэг санаачлага гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл гаргана. С.Ганбаатар та байнгын хороонд орж ирсэн мөртлөө дулимаг юм ярьж байна. Байнгын хорооны хурлыг пижигнүүлж гараад явсан. Ард түмэнд хувьцааны эрхийг нээж өгье гэсэн. Энийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна” хэмээн бухимдлаа.
Энэ талаар Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Манайхан нэг зүйлийг буруу ойлгоод байна. Нүүрсийг тээвэрчид хулгайлаад байгаа юм биш. Тухайн компанийн захирал, БНХАУ-ын талтай хийсэн гэрээнд энэ хулгай чинь яваад байгаа юм шүү дээ. Биржийн хуулийн төсөл энэ хулгайг зогсоох л зорилготой юм.
Тус хуулийн төслийн зорилго нь 1072 хувьцааг эргэлтэд оруулах болохоос арилжаалах биш. Компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш хүртээх зорилгоор 1072 хувьцааг эргэлтэд оруулах талаар ярьж байна. Одоогийн байдлаар 1072 хувьцаа хөрөнгийн биржид зөвхөн бүртгэлтэй байдаг. Иргэд ногдол ашгаа авч чадахгүй байна. Хөрөнгийн бирж рүү орсноор ногдол ашгаа авах боломж бүрдэнэ гэлээ.