100 мянган ам.доллар хулгайлаад зугтсан ХААН банкны ажилтныг шалгаж байна
ХААН банкны ахлах ажилтан кассаас 100 мянган ам.доллар буюу 343 сая 552 мянган төгрөгийг хулгайлаад зугтжээ.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 18.15 цагт Цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банканд манай ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгажээ. Ингэхэд тус банкинд ажилладаг 27 настай, эрэгтэй З гэгч энэ оны аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 06-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөг завшсан байжээ. Уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа юм байна.