Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгийн бирж рүү орсноор ногдол ашгаа авах боломж бүрдэнэ
УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан өчигдөр болсон. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэхүйц хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм. Гэвч уг хувьцаа одоог хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй, хаалттай хэвээр байгаа юм.
УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаатай холбоотой асуудлаар асуулт асууж, хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 1072 хувьцаа ямар түвшинд байгаа юм бэ. Ард түмэнд мэдээлэл өгье. Хувьцаа Хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа болохоос амьгүй байна. Яаж амь оруулах вэ. Нүүрсээ бодит үнээр ил тод нээлттэй зарах тухай ярьж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа олон нийтийн хяналтад яагаад байхгүй байна вэ. Стратегийн ордуудын 10 хүртэлх хувийг Хөрөнгийн бирж дээр олон нийтийн болгох хууль огт хэрэгжихгүй байна. Яагаад хэрэгжихгүй байна вэ.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Түр журмаар зөвхөн нүүрсээ тестэлж үзнэ. Хууль батлагдаад шууд хэрэгжих боломжгүй байгаа. Маш олон ажлыг хийх ёстой. 11 журмаас гадна бирж байгуулна. Нэг амьсгаагаар хийх боломж байхгүй. Хөрөнгө мөнгө шаардагдана. Хил нөхцөлөөр хийхээр хүндрэлтэй асуудал байна. Тиймээс 7-р сарын 1-н хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний 30 хувийг ядаж зардаг болох ёстой. Эхний ээлжид хоёрдугаар сарын 15 хүртэл 20, 15 хувиа биржээр зарна. Хил нөхцөлөөр зарна гэсэн үг. Үнийн хувьд доод үнийг “Эрдэнэс Тавантолгой” компани өөрсдөө зарлана. Чалкогийн гэрээг сунгасан нь үнэн. Тийм учраас Бүрэн эрхт төлөөлөгч томилсон.
Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тус хуулийн төслийн зорилго нь 1072 хувьцааг эргэлтэд оруулах болохоос арилжаалах биш. Компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш хүртээх зорилгоор 1072 хувьцааг эргэлтэд оруулах талаар ярьж байна. Одоогийн байдлаар 1072 хувьцаа хөрөнгийн биржид зөвхөн бүртгэлтэй байдаг. Иргэд ногдол ашгаа авч чадахгүй байна. Хөрөнгийн бирж рүү орсноор ногдол ашгаа авах боломж бүрдэнэ гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 1072 хувьцаа үхмэл байгаа. Ард түмэн хувьцаа эзэмшсэн нэртэй. Нөгөө эзэн нь ашгийн авч, хөрөнгө оруулагч эзний хувиар хуралд оролцож чадахгүй. Үүнийг засаж залруулъя. Хоёрдугаарт, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн өмчит компаниудад хулгайн асуудал гарлаа. Төр хянаж чадахгүй байна. Хувьцаа эзэмших эрхийг нь ард түмэнд нээж өгөх үүднээс энэ хуулийг гаргаж байна. Ажлын хэсэг санаачлага гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл гаргана. С.Ганбаатар та байнгын хороонд орж ирсэн мөртлөө дулимаг юм ярьж байна. Ард түмэнд хувьцааны эрхийг нээж өгье гэсэн. Энийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна.
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай: 1072 хувьцааны бүртгэл Хөрөнгийн биржид хийгдээгүй. Тэр нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр байдаг. Ингэхдээ 2012 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэдэд данс нээж, өгсөн. Гэхдээ Хөрөнгийн биржийн бүртгэл нээгдээгүй. Засгийн газрын шийдвэр гарч,1072 хувьцааг эргэлтэд оруулж болно.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Г.Дамдинням гишүүн ээ ажлын хэсэг зунжингаа ажиллаж, төслийг бэлэн болгосон. Засгийн газар дээр журам боловсруулна гэсэн. Удахгүй УИХ-ын тогтоол орж ирнэ. 1072 хувьцаа биржээр эргэлтэд орох боломжтой болох юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 1072 хувьцаа бодит байдал дээр худалаа л байна. Хөрөнгийн бирж дээр байдаг хувьцаа шиг ард иргэд мэдээллээ авч, хяналтаа тавиад явах юм байна тиймүү. Хууль гарсны дараа дахин юм болсонгүй гэж ярихгүй биз дээ.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Хоёр дахь зах зээлд гарвал 1072 хувьцааг мөнгөтэй хүмүүс цуглуулаад авчих учраас тэрийг нь хаах ёстой. Тийм учраас хоёр дахь зах зээлийн талаар ярихгүй.
УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар: 1072 хувьцаа дээр болгоомжлол гарч байгааг Засгийн газар ойлгож байна. Уг нь ард иргэд ногдол ашиг авах ёстой. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс гадаад руу явчих вий гэдгийг хүн бүр ойлгож буй. Бид зүгээр амь оруулж, үр өгөөжийг өгүүлэхээр ажиллаж байна. 1072 хувьцааг иргэд өнөөдөр зарчих вий гэдгийг ойлгож байгаа.