Ч.Хашчулуун: 2023 онд эдийн засаг өсөж, инфляц буурна, гэхдээ…
Эдийн засагч Ч.Хашчулуунтай 2023 оны эдийн засгийн төлөв байдал, сорилт бэрхшээл, гарц шийдлийн талаар ярилцлаа.
-Шинэ он гарах гэж байна. Олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийн ирэх онд 4-6 хувийн өснө гэж төсөөлж байна. Бидэнд энэ хэмжээнд эдийн засгаа тэлэх чадамж бий юү?
-Макро эдийн засгийн үзүүлэлт, мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаа зэргийг үндэслэн харахад эдийн засгийн өсөлт өндөр байх хүлээлттэй байна. 2023, 2024 онд эдийн засаг дор хаяж таван хувиар өсөх болов уу. Учир нь, манай эдийн засгийн үзүүлэлт 2022 онд хүлээлтээс өндөр гарлаа. Ирэх жил уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, зах зээлийн байдал сайн байх боломж бий. Бид эдийн засаг муу байна гэж ярьдаг боловч Засгийн газар цар тахлын үед үр дүнтэй ажиллалаа гэж дүгнэж болно. Тухайлбал, Дарханы замыг дуусгалаа, төмөр зам, дэд бүтцийн зарим төсөл ашиглалтад ороход бэлэн болж байна, нефтийн үйлдвэр тодорхой ахицтай байна гэх мэт. Том зургаараа бол харьцангуй эерэг дүр зураг харагдаж байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хэцүү, бүсийн нөхцөл байдал тайван бус байгаа ч ирэх жилүүдэд эдийн засаг өснө.
-Эсрэгээрээ бидэнд тулгарах сорилт, хүндрэл юу байх вэ?
-Олон сорилт бий. Тэр болгоныг боломж болгох нь чухал. Нэгд, дэлхий даяар хүнсний зах зээлийн үнийн өсөлт сорилт хэвээр байна. Тиймээс дотооддоо хөдөө аж ахуй, тариалан, нарийн ногооны тариалалтыг дэмжих, махны үйлдвэрлэлийг дэмжихийг боломж хэмээн харах хэрэгтэй. Шаардлага ч бий. Хямралтай үе дэх Засгийн газрын хамгийн чухал үүрэг бол хүн амаа хоол хүнсээр хангах учир анхаарах хэрэгтэй. Манай улс буудай, мах, төмсөө дотоодоосоо 100 хувь хангадаг. Харин нарийн ногоо, зарим хүнсний ногоо, жимс, өндөгний дотоодын хангамж бага, дэмжих шаардлагатай. Үүнийг дэмжихдээ мөнгөөр бус татварын уян хатан бодлогоор дэмжих нь зүйтэй.
Хоёрт, цар тахал дуусах болоогүй, үргэлжилсээр. Дэлхийн дулааралтай холбогдуулан халуун орны янз бүрийн өвчлөл нэмэгдэнэ гэсэн таамаглал бий. Тиймээс дотооддоо эм, эмийн хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжиж, импортыг чөлөөтэй болгоход анхаарах бодлого хэрэгтэй. Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьдаг. Үүний дунд Монгол Улсад ирж эрүүл мэндийн үйлчилгээ авах замыг хөгжүүлмээр байна. Манай хоёр хөрш хүн ам ихтэй. Тиймээс манай улсад ирж эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ авдаг байх боломжийг нэмэх боломжтой. Мөн дотоодын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг харьцангуй боломжтой үнээр хүртэх шаардлагатай байгаа учраас гаднаас оруулж ирж буй эмийн бодлогыг чөлөөтэй болгох, өрсөлдөөнтэй болгох хэрэгтэй юм. Түүнчлэн эмийн хэрэгслийн үйлдвэрийг дэмжих, ядаж л дотооддоо маск, нэг удаагийн хэрэгслээ үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулахад дорвитой ажилламаар байна.
-Ирэх онд инфляц дэлхий нийтэд сорилт хэвээр байна гэж байгаа шүү дээ. Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого ирэх оны эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Өнгөрсөн зунаас мөнгөний бодлого хатуурч эхэлсэн. Ингэснээр зээлийн өсөлтийг хязгаарлаж, гүйлгээнд гарч буй мөнгөний хэмжээг өсгөхгүй байгаа юм. Үүний үр дүнд инфляц тогтворжиж, ахиц гарч байгаа гэж хэлж болно. Дэлхий даяар инфляц өндөр байхад инфляцыг тогтворжуулна гэдэг нэн хэцүү. 2023 оны сүүлээр инфляцыг нэг оронтой тоонд барих боломж бүрдэх болов уу.
Мөн БНХАУ-ын зах зээл ирэх сараас нээгдэхээр барааны нийлүүлэлт харьцангуй сайжирна. Үүнээс гадна үйлдвэрлэл, ложистикийн зарим асуудал нааштайгаар эргэх боломжтой. Тиймээс инфляц буурч, нэг оронтой тоонд орох болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Нөгөө талд төсвийн бодлого тэлэлттэй байгаа нь инфляцыг бууруулахад сөргөөр нөлөөлнө шүү дээ. Ер нь 2023 оны улсын төсөв эдийн засагтаа хэрхэн нөлөөлөх вэ?
-Мөнгөний бодлого хатуу байхад төсөв эсрэгээрээ тэлээд байвал үр дүн муутай байдаг. Мөнгөний хатуу бодлоготой байгаа энэ үед төсвийн бодлогыг ч мөн хумьж, хэмнэж, төсвийн алдагдлаа бууруулах, зарлагаа үр дүнтэй, оновчтой болгох хэрэгтэй. Засгийн газар орлогоо нэмэх тал дээр онцгой анхаарч зарим татвар нэмж байна. Гэвч яг зарлагаа үр өгөөжтэй байлгаж чадахгүй, төсвийн алдагдлаа үе шаттайгаар бууруулахгүй байгаа юм. Үүнд улсаараа анхаарах хэрэгтэй. Ирэх жил бондуудын өр хүлээгдэж байна. Энэ утгаараа төсөв алдагдалгүй, харин хуримтлалтай байх шаардлага бий. Дэлхийн хөрөнгө оруулагчид манай төсвийг харж байгаа. Төсөв нь өндөр алдагдалтай байгаад байхаар энэ улс урт хугацаандаа орлого, зарлагаа яаж тэнцвэржүүлэх вэ гэдэг асуултыг тавих болно. Аль болохоор төсвийн алдагдлыг бууруулахыг бодох ёстой. Сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өндөр, төсвийн орлого сайн байна.
2007 оноос хойш манай улс уул уурхайн төрийн компаниудыг байгуулж, уул уурхайн салбар дахь төрийн оролцоог нэмэгдүүлсэн. Тухайн үед том стратегийн ордуудаас орлого олно гэж үзсэн. Гэхдээ өнгөрсөн арван жил Эрдэнэс Тавантолгой ХК хамгийн үр өгөөжгүй, муу ажиллалаа. Уул уурхайн урдаа барьдаг компани нь орлого дээрээ ч, зарлага дээрээ ч хариуцлагагүй ажилласан. Нүүрсний гэрээнүүдээрээ улсад хохирол учруулсан гэж үзээд байна. Нүүрс баяжуулах үйлдвэрээ одоо хүртэл бариагүй, цахилгаан станц бариагүй, бариулсан төмөр зам нь ашиглалтад орсон юм шиг мөртлөө яг ч хил хүртэл тээвэр хийхгүй, цариг нь буруу байх жишээтэй. Цаашдаа улсын өмчийн уул уурхайн компани байх ёстой юу гэдгийг эргэн харах ёстой боллоо. Улсын төрийн компаниудын алдагдал нь Засгийн газрын алдагдлаас тусдаа тооцогддог. Энэ нь үлэмж их.
Өөрөөр хэлбэл, 2007 оноос хойшхи энэхүү концепцийг эргэн харах шаарлагатай. Хувийн хэвшилд боломжийг нь олго. Сайн жишээ “Рио Тинто”-гоос эхлээд байна шүү дээ. Зардал их гарсан ч хийх ёстой зүйлсээ яг цаг хугацаанд нь хийгээд, гүйцэтгээд явж байна. Цаашид Тавантолгой ДЦС, нүүрс баяжуулах үйлдвэрээ байгуулахдаа хувийн хэвшилд боломж олго, төр заавал санхүүжүүлэх албагүй. Станц хэрэгтэй ч гэсэн заавал улсын компани барих шаардлагагүй.
-Төрийн өмчийн компаниудын тодорхой хувийг нь олон нийтэд нээлттэй болгоно гэж Засгийн газар мэдэгдсэн. Энэ хүрээнд Хөрөнгийн биржийн IPO-г эхлүүллээ?
-Хөрөнгийн биржийн тодорхой хувийг олон нийтэд нээлттэй болгож байгаа нь зөв. Зөв чиглэл мөн. Гэхдээ төрийн өмчийн компани 100 хувь төрд шилжихгүй бол, төрийн оролцоо үлдэх л юм бол ямар нэгэн байдлаар түүнийг хариуцах нүсэр бүтэц гараад ирдэг. Эрдэнэс Монгол ХК эхэндээ жижигхэн л хэлтэс маягийн байсан шүү дээ. Гэтэл одоо бүр нүсэр бүтэц болсон. Хүнд суртал яг ийм замаар явдаг учир эдийн засаг дахь төрийн оролцоог эрс багасгах шаардлагатай. Тэгэхгүй бол зардал өндөртэй, ашиг багатай, улс төрийн холбоотой, боловсон хүчин нь чадваргүй, эдийн засгийг хөгжүүлэх бус хохирол учруулж эхэллээ.
Төр зөвхөн нийгмийн салбар, дэд бүтцийг хариуцаж, бусдыг нь хувийн хэвшил бүтээж, түүнийг нь мөнгөний, татварын бодлогоор зохицуулдаг концепцтэй болъё. Төрийн данхайсан компаниудыг болих хэрэгтэй, одоо нэмж байгуулаад ч хэрэггүй. Хэчнээн сайхан зүйл хэлж, нэмж төрийн компани байгуулж болно. Гэвч үр дүн нь адилхан байх болно. Ямар ч төрийн компани байгуулсан захирал нь улс төрийн томилгоогоор томилогдоно, чадваргүй баахан хүн ажилд авна, зах зээлийн жамаас гажсан үйл ажиллагаа явуулна, тэгээд зах зээлээ нураана, эцэстээ ТОСК ТӨХК шиг л болж хувирна.
-Хувийн секторыг дэмжихдээ ямар байдлаар дэмжих вэ, зээл тусламж нь хамаарал бүхий улстөрчдийн гараар ордог талтай шүү дээ?
-Мөнгө өгч дэмжинэ гэж байхгүй. Тийм зүйл хэрэггүй. Тэрний оронд бизнесийн орчинг нь хэвийн, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэй. Ажил хийхэд “мянган” зөвшөөрөл авдаггүй, хэн нэгэнд хахууль өгч байж гаалиар бараагаа авна гэхгүй аль болох тунгалаг, цэвэр, ойлгомжтой, ил тод байлгах хэрэгтэй. Ийм байхад хүссэн хүсэээгүй хувийн хэвшил өөрөө хөдөлж эхэлнэ.
Ямар нэг салбар нь бүтээн байгуулалтын зардал ихтэй, хэцүү байвал татварын бодлогоор зохицуулж болно. Ингэхдээ тодорхой хугацаагаар, тодорхой үзүүлэлттэйгээр хандана. Тэрнээс биш мөнгө, зээл олгоод байвал үр дүн муутай.
-2023 онд манай улсын гадаад өрийн нөхцөл байдал томоохон сорилтыг нэг байх болов уу?
-Тийм. Гадаад өргүй улс гэж байхгүй. Харин өрөө үр ашигтай зарцуулахад л учир бий. Монгол Улс яах гэж гадаад өр авдаг вэ гэдэг үндсэн асуултдаа хариулах шаардлагатай боллоо. Түүнээс биш зээл олдож л байвал авчихъя гэж хандаж болохгүй. Олон улсын зах зээл дээр мөнгө босгох анхны санаа нь том аж үйлдвэрүүдээ санхүүжүүлэх байсан юм шүү дээ. Яагаад аж үйлдвэрээ санхүүжүүлэх вэ гэвэл аж үйлдвэр нь бүтээгдэхүүн гаргаад буцаагаад зээлээ төлдөг. Гэтэл манайд эсрэгээрээ. Тухайлбал, Чингис бондыг босгочхоод зам засаж, судалгаа хийж, жижиг төслийг санхүүжүүлсэн. Ингээд эргээд төлөх болоход эдийн засгийн үр өгөөж байхгүй шахам. Үүнийг төсвийн мөнгөөр хийж болох байсан шүү дээ. Зам засварын ажлыг долларын зээлээр санхүүжүүлнэ гэж юу гэсэн үг вэ. Үүнд хариулах боломжгүй. Гадаадын зээлийг цөөн аж үйлдвэрийн төсөл дээр өндөр технологитой холбоотой мөнгө босгох учиртай. Харин ямар аж үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх вэ гэдгээ эргэн харах цаг болсон.
Үндэсний хөгжлийн цогц бодлогыг 2008 онд баталж байлаа. Энэ үед түүхий эдийг боловсруулахын тулд дөрвөн төрлийн үйлдвэр л хэрэгтэй гэсэн тооцоо гарч байсан. Үүнд, гангийн үйлдвэр, нүүрс боловсруулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, алт зэс хайлуулах үйлдвэр ордог. Энэ дөрвөн төслөөс газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Нөгөө гурав нь хөдлөөгүй. Цаашид Засгийн газар үүнд л чиглэж, анхаарах учиртай. Уг нь ойлгомжтой л баймаар юм. Яриад арван жил болсон шүү дээ. 2012 оноос одоог хүртэлх арван жил бол алдагдсан боломжийн арван жил. Бид үйлдвэрүүдээ барихын оронд хэрэггүй зүйлд мөнгөө зарж, өрөнд орсон. Өрөө төлөх гэж улам өрөнд орсон. Хийсэн ажлаа аваад үзэхээр хагас дутуу. Төмөр замын цариг нь таарахгүй, Хөгжлийн банк нь мөнгөө алдсан гээд олон жишээ бий. Нэг талаас эдийн засаг хөгжиж байгаа нь үнэн. Нөгөө талаас үүнээс хамаагүй илүү хөгжих боломж байлаа.
-2023 оны төлвөөс эерэг харагдаж байгаа зүйл байна уу?
-Эдийн засаг өсөх боломжтой. Засгийн газрын зарим үйл ажиллагаа үүнд эергээр нөлөөлсөн. Цаашид хүн амаа хоол хүнсээр хангахад онцгой анхаарах шаардлагатай. Хоёрт, төмөр замын сүлжээгээ урд хөршийн сүлжээтэй холбох шаардлагатай. Тэгж байж үр өгөөж нь гарна. Гуравт, эрчим хүчний салбарын асуудлыг шийдэж, нийлүүлэлт нэмэгдүүлэх шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.
Itoim.mn