Монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд Люксембург улс 5 сая еврогийн тусламж үзүүлнэ

Люксембург улсын Засгийн газраас монгол хүүхдүүдийг хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад зориулан 5 сая еврогийн хандивыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Санд хүлээлгэн өглөө.

Дэлхийн хэмжээнд 25-аас доош насныхны хамгийн түгээмэл олдмол зүрхний өвчин нь хэрэхийн гаралтай байдаг байна. Энэ өвчлөл нь халдвар авсан хүний амьсгалын дээд замаар амархан дамждаг Streptococcus pyogenes бактерийн халдвараас (А бүлгийн стрептококкийн халдвар) үүдэлтэй хоолойн өвдөлтөөс эхэлдэг. Жил бүр энэ өвчнөөр дэлхийн хэмжээнд 288,348 хүн нас бардаг ба эрт илрүүлснээр эрт үр дүнтэй арга хэмжээг авах боломжтой байдаг. Монгол Улсын нийт хүн амын өвчлөлийн 10 жилийн (2011-2021) тоо мэдээгээр хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 29.1 хувийг эзэлж байна. Үүнээс 15 хүртэлх насныханд амьсгалын замын халдварт өвчин хамгийн түгээмэл байна (Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2022).

“Монгол Улсын хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжихэд өгөөмөр хувь нэмэр оруулж буй Люксембург Улсын Засгийн газарт Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Хүүхдийн хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад хөрөнгө оруулах нь хүүхдийн төрөлхийн өвчин эмгэгийг бууруулах хамгийн үр ашигтай арга хэмжээ юм” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр нь охид, хөвгүүд, тэр дундаа өсвөр насныхны хэрэхийн гаралтай зүрхний өвчин, стрептококкийн гаралтай фарингит өвчнийг хүүхдийн зүрхний өвчин болон бусад халдварт бус өвчнийг оношлоход тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар эрт илрүүлэх зорилготой юм.

Түүнчлэн уг хөтөлбөрийн хүрээнд жирэмсний хяналт, бага насны хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл тэндийг дэмжих таатай орчныг бүрдүүлэх, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын нярайн зүрхний төрөлхийн эмгэг болон бусад халдварт бус өвчнийг эрт илрүүлж оношлох, одоо байгаа тоног төхөөрөмжийг ашиглах чадавхыг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, эрүүл ахуйг сурталчлах кампанит ажлуудыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: Монгол Улс дахь НҮБ-ын хүүхдийн сан

Leave a Reply

%d bloggers like this: