Долоон машин мөргөж, хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ сарын 11-нд хийхээр товлосон байна
“Олимп” хотхоны замд Land cruiser 200 автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хоёр хүүхэд дайрч, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн.
Түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-нд буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт 13:30 хийхээр товлосон байна.
Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
2.Энэ гэмт хэргийг:
2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эргэн сануулахад, иргэн Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан юм.