ЗГ: УИХ, ЗГ-ын гишүүн, Ерөнхий сайдын гэр бүлийг тендер, зээл, төсөлд хамруулахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Сүүлийн жилүүдэд улстөрчдийн нэр холбогдсон ЖДҮХС-ийн зээл, Хөгжлийн банкны зээл, нүүрсний гэх төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд, төрийн болон орон нутгийн өмчит компанитай холбоотой ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдлүүд иргэд олон нийтийн дургүйцэл, жигшил зэвүүцлийг дээд цэгт нь хүргэлээ. Эдгээр хэрэгтэй холбоотойгоор дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Цаашид улстөрд нөлөө бүхий этгээд гэдэгт хэнийг багтаах тухай ангилал, хүрээ хязгаарыг шинэчлэн тогтооно.

Хоёрт, улстөрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг маш тодорхой тусгалаа. Цаашид иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх, төрд улстөрийн үйл ажиллагаа эрхэлж, нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээний хүрээ хязгаарыг тогтооход зөв жишиг болох нь энэ хуулийн төслийн том үүрэг, ач холбогдолтой гэдэг агуулгаар боловсруулсан. Сүүлийн үед дэлхийн бусад улс орнуудад улстөрд нөлөө бүхий этгээдүүдийн хүрээ хязгаарыг хэрхэн тодорхойлж, томьёолж  ирсэн туршлагыг судалсан.

Гуравт нь улстөрд нөлөө бүхий этгээдүүд гаднын улс орнуудад ямар эрхийн хязгаарлалтад үйл ажиллагаагаа явуулдаг вэ гэдэг харьцуулсан судалгааны үндсэн дээр бид дараах зохицуулалтыг хийхээр зорилоо.

1. Улстөрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдарч, тэдгээрийн хүүхдийг хамруулна. Улстөрд нөлөө бүхий этгээд болон тэдгээр хамаарал бүхий этгээдүүд нь төрийн албанд удирдах албан тушаал хашихыг хориглож байна.

2. Төрийн болон орон нутгийн өмчит компани, тэдгээрийн оролцоотой компанийн удирдах албан тушаалд томилогдохыг хориглосон. Мөн дээр дурдсан улстөрд нөлөө бүхий этгээд, тэдний хамаарлууд нь төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдагүй байхаар тусгасан. Энд төрийн сангийн сургалтын төлбөрт хамрагдах байдлыг хүртэл хязгаарлаж байгаа.

3. Дээр дурдсан улстөрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд бүх хэлбэрийн төрийн тендер шалгаруулалтад аж ахуйгаагаараа оролцохгүй байх зохицуулалтыг оруулсан. Өөрөөр хэлбэл, нээлттэй болон хязгаарлагдмал тендер, төр болон хувийн хэвшлийн тендер сонгон шалгаруулалт, цаашлаад концесс, оффтейк гэрээний оролцохгүй болно.

Энэ хуулийг ердийн журмаар хэрэгжих буюу хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих зохицуулалттай байхаар УИХ-д өргөн барина. Энэ хууль батлагдсан тохиолдолд дээр дурдсан улстөрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарлууд төрийн албанд удирдах албан тушаал хашиж байгаа бол өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөх, эсвэл улстөрд нөлөө бүхий этгээд нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх сонголтыг хийж болно” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Улстөрд нөлөө бүхий этгээд гэдгээс Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгчийг яагаад хасч байгаа юм бэ?

-Эхний төслөөр Ерөнхийлөгчийг улстөрд нөлөө бүхий этгээд гэдгийн хамгийн эхэн бичсэн байсан. Ерөнхийлөгчийн албан тушаал бол бие даасан хуультай. Монгол Улсад нэг л байдаг албан тушаал. Хоёрт, улс төрийн манлайлал, соёлын хувьд хамгийн нэгд тавигдах төрийн өндөр дээд албан тушаал учраас ёс зүйн дүрмээрээ зохицуулагдаад явах боломжтой гэж үзсэн. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд яг ийм хуулийг хуульчлаад хэрэгжүүлээд ирэхээр Ерөнхийлөгчийн албан тушаал дээр ёс суртахууны манлайлал үзүүлж, тавигдаж байгаа хязгаарлалтууд давхар үйлчлэх боломжтой гэдэг агуулгаар хассан.

Ер нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ийм хориглолт хязгаарлалт хийгээд ирэхээр бүх шатны Засаг дарга хүссэн ч, эс хүссэн ч ийм агуулгаар ёс зүй хэм хэмжээ, сахилга хариуцлагын дэг журамд давхар захирагдана гэдгээр хуулийн үндсэн агуулгаа бичсэн.

Leave a Reply

%d bloggers like this: