​Р.Алтангэрэл: Замын-Үүд-Эрээнээр эхний ээлжинд өдөрт 300 зорчигчийг нэвтрүүлнэ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж байгаатай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2023.01.04/ мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Р.АЛТАНГЭРЭЛ: Замын-Үүд-Эрээний хилийг нээх гэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зохицуулалтууд гарсан. Тодруулбал, Хятад улсын цар тахлын хорио цээрийн дэглэм бууруулсантай холбоотой олон улсын хилийн боомтын хөдөлгөөнийг сэргээж байгаа. Ингэснээр сүүлийн гурван жил зогсоод байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа юм.

Зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх Ням гаригийн 08:00 цагаас нээнэ.

Монгол Улсаас Хятад улс руу зорчих иргэдийн тухайд 

  • Иргэн зорчихоос 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарвал зорчино /сөрөг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй/
  • БНХАУ-ын гаалийн аппликейшныг татаж авч, эсвэл цаасан хэлбэрээр бөглөнө.

Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлэх ба цаашид зорчих иргэдийн тоог 500 аажмаар 1000 хүргэх аж.

Мөн Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадаас ирэх иргэдийг хүлээж аваагүй учир нөхцөл байдал бүрэн хангагдаагүй. Гэхдээ Монгол Улсаас нэвтэрч очих иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэрс болон үнийн саналыг өгсөн. БНХАУ-ын талын түншээр дамжуулан жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг БНХАУ-ын гаальд урьдчилан бүртгүүлэн баталгаа гаргана. Тээврийн хэрэгсэлд БНХАУ-ын тээврийн хэрэгслийн стандарт, байгаль орчны шаардлагыг хангасан байх учиртай.

Түүнчлэн ирэх 8-наас найман хүнээс доош суудалтай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд цаашид энэ тоог аажмаар нэмэгдүүлнэ. Хуучин явж байсан УАЗ 469 маркийн машиныг хил хоорондын зорчигч тээвэрлэх хэрэгсэл болгохгүй гэдгийг мөн мэдэгдээд байна. Тодруулж хэлэхэд УАЗ 469 машин техникийн болон зорчигч тээврийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй гэж үзэж байгаа учир энэ удаад хил хооронд тээврийн хэрэгсэл болгон ашиглахгүй гэдгийг анхааруулсан гэв.

Хятад Улсаас Монгол Улс руу зорчих иргэдийн тухайд 

Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу эрүүл мэндийн асуумжийг бөглөсний үндсэн дээр нэвтэрнэ.

Ачаа тээврийн тухайд 

Монголын талаас эхний ээлжид өдөрт тэвштэй болон тавцант 100 ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Уг тоог аажмаар нэмэгдүүлнэ. Ачааг чингэлэгтэй болон задгайгаар ачиж болно. Хятад Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлан ачааг хэтрүүлэх ачихыг хориглоно. Тээврийн хүчин чадалд заагдсан хүчин чадлаар ачаа ачина. Тээврийн хэрэгслийн мэдээллийг БНХАУ-ын холбогдох байгууллагад бүртгүүлж, хилээр нэвтрэх цагийг урьдчилан мэдэгдсэн байх ёстой. Ингэснээр нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэнэ.

БНХАУ-ын талаас олон улсын тээврийн эрхтэй 30 ачааны тээврийн хэрэгсэл манайд орж ирж тээвэр хийх боломжтой гэж мэдээллээ.

ХЯТАДААС СЭЖИГТЭЙ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ХҮН ИРВЭЛ ТУСГААРЛАХГҮЙГЭЭР НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.БОЛД: Монгол-Оросын боомтуудаар иргэд зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Үүнтэй адил Хятадаас ирэх иргэд эрүүл мэндийн асуумжаа бөглөөд орж ирнэ. Дээрээс нь сануулахад Засгийн газрын 2022 оны 66, 67 дугаар тогтоолын дагуу цар тахлын хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Энэ шийдвэртэй холбогдуулан Монгол улс агаарын болон автозамын боомтуудаар нэвтрэх иргэдийг ямар нэгэн хязгаарлалтгүй хүлээж авах болсон. Ингэснээр эдийн засаг сэргэхэд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байгаа.

Мэдээж цар тахлын тархалт өндөр байсан хугацаанд хатуу хөл хорио тогтоож, тусгаарлалт хязгаарлалт хийж байсан. Харин одоо эдгээр бүх хориг цуцлагдсан.

Тиймээс хил дээр ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүнийг шууд тусгаарлахгүйгээр нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулна.

ЭРЭЭН РҮҮ ГАРАХ ХҮН БҮР ХЯТАДЫН ХОРИО ЦЭЭРИЙН АППЛИКЕЙШНИЙГ БӨГЛӨНӨ

Эрээн рүү гарах хүн бүр Хятадын хорио цээрийн аппликейшнийг бөглөх шаардлагыг урд хөршөөс тавьсан. Энэ нь эрүүл мэндийн асуумжтай адилхан. Үүнийг цаасан эсвэл цахим хэлбэрээр хил нэвтрэх хүн бүр бөглөнө.

Аппликейшнтэй холбоотой болон эрүүл мэндийн шинжилгээний хариуг оруулах холбоосыг https://consul.mn/ сайтад байршуулсан. Гар утсандаа China Customs аппликейшныг татаж аван эрүүл мэндийн мэдээллийг бөглөх боломжтой гэдгийг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.

Leave a Reply

%d bloggers like this: