Ч.Хүрэлбаатар: Долларын ханш тогтворжиж, дефольт зарлах эрсдлээс сэргийлж чадлаа
Өнөөдөр засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд байгуулсан валютын нөөцийг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын валютын нөөц 2022 оны 9-р сарын дундуур 2.4-2.5 тэрбум ам.долларт хүрч, оны эцсээр хоёр тэрбум ам.доллараас доошоо орох эрсдэл үүсээд байсан. Үүнээс сэргийлж энэхүү Ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар болж өссөн. Ингэснээр ОУВС-ийн тооцоолж байсан валютын нөөц хоёр тэрбум ам.доллараас доошоо орох, цаашлаад ОУВС-ийн хөтөлбөрт хөтөлбөрт орж, дефольт зарлах эрсдлээс зайлсхийж чадлаа. Энэ чиглэлээр Засгийн газар арга хэмжээ авч ажиллахдаа олны хэл ам дагуулсан хэдий ч эерэг үр дүн гаргасан гэдгийг онцолъё.
Цаашдаа Засгийн газар нүүрсийг ам үнээр бус хил үнээр зарах шийдвэр, тогтоол гаргасан. Ам үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар зарж байсан бол хил үнээр 200 гаруй ам.доллараар зарж буй. Бараг хоёр дахин үнийн зөрүү гарч байгаа учраас бид хил үнээр нүүрсээ зарах чиглэлд бүх ажлыг хийнэ.
Мөн 2023 оноос Монгол Улс бүх нүүрсээ биржээр зарна. Бид ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсээ биржээр зарах бэлтгэлээ хангаж байна. УИХ-аас Уул уурхайн Биржийн тухай хуулийг баталсан, Засгийн газар нүүрсээ биржээр худалдаалах түр журмыг баталж, хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж байна. Энэ нь Монгол Улсад орж ирэх орлогыг нэмэх, ил тод болгох, гэрээний цаана янз бүрийн яриа тохироо байдагт цэг тавьж, нүүрсийг зах зээлийн үнээр худалдан авах өрсөлдөөнийг үүсгэх давуу талтай юм.
Цаашдаа Валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгээс хоёр долоо хоног тутам гадаад валютын бодлого, хэрэгжилтийг, нөөцтэй холбоотой мэдээллийг Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгч явна. Валютын албан ёсны ханш, албан бус ханш 200-300 төгрөгөөр хэлбэлздэг байсан. Энэ арилж, 20-30 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Ингэснээр валютын ханш зах зээл тогтворжиж байна гэж ойлгож болно.
Хамгийн гол нь экспортоо тогтвортой байлгахад онцгой анхаарах хэрэгтэй. Үүнийг олон нийтийн дэмжлэгээр хийх нь улс орны эрх ашигт нийцнэ. Энэ онд Ханги боомтын хил холболтыг эцэслэн нүүрсээ гаргах асуудлаар идэвхитэй яриа хэлэлцээ явагдаж байна. Төмөр замаар нүүрс гаргах асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Бодитой үр дүн гарвал экспортын орлого нэмэгдэж, валютын орох урсгалд эерэг үр дүн өгнө. Бид Монголбанкнаас мэдээлэл авсан. Зөвхөн валютын нөөц нэг тэрбумаар өссөн. Цаашдаа хийх ажил олон байна гэлээ.