МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ээлжит бус сонгууль явуулах уу
Эрх баригчид Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл эрх баригч намын дарга нар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тогтолцооны шинэчлэл хийх асуудалд санал нэгджээ. Үүнийгээ ч төрийн гурван өндөрлөг шинэ жилийн мэндчилгээндээ хавчуулан ард түмэндээ мэдэгдэв. Тэд парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлнэ гэдгээ хэлсэн. Нэг үгээр хэлбэл, парламентын засаглалыг хүчтэй болгодог, сонгодог утгад нь ойртуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулна гэсэн үг.
Том дарга нар санал нэгдсэн учраас одоо ард түмний дэмжлэгийг хүсч буй. Мэдээж хэрэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дарга нар санал нэгдэхээс гадна ард түмний дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Тиймээс ч УИХ тогтоол баталж, ирэх сарын 20-нд зөвлөлдөх санал асуулга явуулахаар болсон. Уг санал асуулгаар юунаас болж өнөөдрийн гацаа үүсээд байгаа, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудаас хэрхэн гарах вэ гэдгээ ард түмнээсээ асуух юм. Санал асуулгын үр дүн гарсны дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярина гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг хүчтэй болгож, сонгодог утгад нь ойртуулах өөрчлөлтүүд хийнэ хэмээн ярьж байгаа. Одоогоор
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, 99 юм уу 108 болгох,
-УИХ-ын гишүүдийн тодорхой хувийг намын нэр бүхий нэрсийн жагсаалт буюу пропорциональ хувилбараар сонгодог болох,
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэх мэт санаа, саналууд явж буй.
Энэ саналууд 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад ч яригдаж байсан ч тухайн үед хийж чадаагүй.
Парламентын, тэр дундаа улстөрчдийн нэр хүнд унасан, иргэдийн амьдрал нэн хүнд болсон энэ цаг үед парламентын гишүүдийн тоог нэмэх санал иргэдийн дэмжлэгийг авахад тун бэрх. Үндэсний статистикийн хороо Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай явуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Монгол Улсын нийт иргэдийг төлөөлөх 1600 гаруй иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож эхний шатны асуулгыг явуулна. Санамсаргүй түүврийн аргаар сонгосон иргэдийн талыг нь буюу 700 орчим иргэнийг Улаанбаатар хотод авчирч, хэд хэдэн хэлэлцүүлэгт оруулж, үндсэн асуудлыг танилцуулсны дараа хоёр дахь санал асуулгыг явуулах юм. Тэгэхээр мэдээлэл авсан иргэдийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх учраас гишүүдийн тоог нэмэх асуудал дэмжигдэх магадлалтай.
Нөгөө талд сонгуулийн мажоритар тогтолцоо буруу гэдгийг сүүлийн 30 гаруй жил хийсэн найман удаагийн парламентын сонгуулийн үр дүн харуулж буй. Мөн дэлхийн улс орнууд ч энэ сонгуулийн тогтолцооноос татгалзаж, холимог тогтолцоо руу хэдийнэ орсон. Нэг үгээр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоо хамгийн зөв гэдгийг улс орнуудын туршлага ч харуулж байна. Тиймээс сонгуулийн холимог тогтолцоо улс төрийн намуудын ч, иргэдийн ч дэмжлэгийг авах биз ээ.
Гэхдээ энэ парламент ирэх зургадугаар сарын 1-ээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн хугацаа зургадугаар сарын 1-ээр дуусна. Үүнээс өмнө МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэдийнэ бэлтгэл ажлаа хангажээ. МАН-ынхны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн гол зорилго нь Их хурлын ээлжит бус сонгууль явуулж, дахин үнэмлэхүй олонх болох зорилго агуулга байгааг улс төрийн хүрээнд яригдаад удаж байгаа. Учир нь МАН энэ онд буюу 2023 онд УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах хүсэлтэй байгаа. Яагаад гэхээр АН-ыг эв, эеэ олохоос өмнө сонгууль явуулж, өөрсдөө дахин үнэмлэхүй олонх болох зорилготой гэх. Ямартаа ч тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар иргэдийн дэмжлэгийг хүсч, зөвлөлдөх санал асуулга явуулах ажилдаа хэдийнээ ороод байна.
Мэдээллийг Itoim.mn сайт бэлтгэн нийтэлснийг хүргэлээ.