С.Эрдэнэ: Эрдэнэс Тавантолгойн ордын нийт нөөцийг иргэддээ 100% хувьчлах хуулийн төсөл боловсруулж эхэлсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч долоо хоногт хуралдаж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг өчигдөр /2022.01.04/ хоёр талд хуваагдаад буй АН-ын ҮБХ-ны нийт гишүүдийг оролцуулсан “Эв нэгдэл” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтаас ҮБХ-ны хурлын товоо гаргасан юм.

Тэгвэл энэ талаар УИХ дахь Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нүүрсний хулгайн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өгөв.

Тэрбээр; Өчигдрийн зөвлөгөөнд 130 гаруй хүн оролцсон. Энэ зөвлөгөөнд эрээвэр, хураавар, ҮБХ-ны гишүүн байсан, огт хамааралгүй, нам бус хүмүүс оролцсон байна лээ. Энэ хүмүүс цуглаж, шийдвэр гаргасан байна лээ. Эрх бүхий байгууллага шийдвэр гаргадаг болохоос эрх зүйн үндэслэлгүй газар шийдвэр гаргадаггүй юм. Хэсэг бүлэг хүмүүс санал бодлоо хуваалцах гэж цуглачихаад шийдвэр гаргаж болохгүй. Улсад бүртгэлтэй, улстөрийн намын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлана гэдэг бол АН-ыг дэндүү доош нь хийж гутаасан үйлдэл болсон. Энэ сарын 10-нд зарласан АН-ын ҮБХ-ны хурал ХУУЛЬ БУС. Энэ хурлыг зарлах эрх хэнд ч байхгүй гэлээ.

Үргэлжлүүлэн: Мөн төрийн хэмжээний дуулиантай томоохон гэмт хэрэг, үйлдлүүд нь гараад ирэхээр ямар нэг байдлаар олон нийтийн анхаарлыг сарниулж, зориуд зохиомол сенсац бий болгон, эрх баригчид гаргаж байгаа алдаа завхралаа хамгаалах, хаацайлах арга туршлагаа гаргууд эзэмшсэн нь харагдаж байна.

Үүний тод жишээ бол нүүрсний хулгай гэж яригдаад буй гэмт хэргийн асуудал.

Монгол Улс төртэй юм бол газрын хэвлийн баялаг болсон нүүрс ямар үнээр, хэдий цаг хугацаанд, хаана тээвэрлэгдэж очсон бэ, гаргасан этгээдүүд нь хэн бэ гээд бүгд тодорхой байх ёстой. Ачаа бараа, тээвэр бүгд бүртгэлтэй байх ёстой.

Гэтэл бүртгэлгүй гаргасан эрх мэдэлтнүүд хэн байв гэдгийг одоо болтол зарлаагүй. Тодорхой тооны хэдэн хүний нэр хэлээд, гол эзэд нь ард нь нуугдаад, гэм буруугийн ямар ч хариуцлага хүлээлгүй, олон түмэнд мартагдуулах бүх ажлыг зохион байгуулалттай хийж байна.

Тэр бүү хэл, гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүс өнөөдөр нүүрсний ордыг ард түмэнд хувьчлах тухай хууль санаачлаад явж байгаа. Энэ бол гэмт хэргээ нуух гэсэн, гэмт хэргээс нэр төрөө хамгаалах гэсэн оролдлого. Нүүрсний хэрэгт холбогдсон этгээдүүд нам харгалзахгүйгээр хууль, хяналтын байгууллагад шалгуулах ёстой.

Түүнчлэн байгалийн баялгийг иргэдэд эзэмшүүлэх тухайд тэрбээр дараах байр суурийг илэрхийлэв.

Эрдэнэс Тавантолгойн ордын нөөцийг улс төрийн нам, аль нэг компани хамгаалах, арвижуулах, зөв зүйтэй, шударгаар борлуулах зэргийг гүйцэтгэж чадахгүй нь харагдаж байна.

Хамгийн шударга зарчим бол Эрдэнэс Тавантолгойн ордын нийт нөөцийг 100%, ямар нэг болзолгүйгээр нийт иргэнд хувьчлах асуудлыг яаралтай шийдэх ёстой. Энэ асуудал дээр УИХ дахь гишүүдээрээ дамжуулж, ордын нүүрсний нөөцийг иргэддээ 100% хувьчлах хуулийн төсөл боловсруулах ажил эхэлсэн хэмээв.

Leave a Reply

%d bloggers like this: