Шуурхай: Боомтын сайдад Х.Булгантуяаг, БХБ-ын сайдад Ц.Даваасүрэнг, ЭМ-ийн сайдад С.Чинзоригийг 100 хувийн саналаар дэмжлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр өөрчлөлт оруулж, зарим сайдуудаа явуулж, заримыг нь шинээр томилсон билээ. Шинэ бүтцийн дагуу Боомтын сайдын томилгоо албан ёсоор хүлээгдэж байсан. Тэгвэл өчигдрөөс Боомтын сайдын томилгооноос гадна Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын сайдуудын томилгоо яригдаж эхэлсэн юм.

Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохоор МАН-ын дарга нар байсан.

Өнөөдөр 13.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боомтын сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр санал тавьсан ч тэрээр сайд болохгүй гэдгээ илэрхийлсэн.

Тэрбээр “Би Төсвийн байнгын хорооны ажлыг хүлээж аваад удаагүй байна. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төсвийн шинэчлэлийг хийх, сахилга бат, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд дөнгөж ажлаа хүлээж аваад төсвийн шинэчлэлийг хийхээр эхлүүлээд байна. Ирэх долоо хоногоос Төсвийн байнгын хорооноос 10 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын хувьд сүүлийн 10 гаруй жил хийгээгүй томоохон өөрчлөлтийг хийнэ. Би энэ ажлаа үргэлжлүүлж хийх болно. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ надад бас Боомтын сайдаар ажиллах санал тавьсан ч татгалзсан. Төсвийн том шинэчлэлийг энэ ондоо багтаан хийнэ. Намын даргын саналаас татгалзсан гэсэн үг. Миний хувьд төсвийн шинэчлэлд анхаарахад төвлөрч ажиллана” гэсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Чинзориг нарын тухайд өмнө нь Эрчим хүч болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг удирдаж байсан. Огцорсноосоо хойш чанга дуугарч, Засгийн газраа шахаанд оруулж, шударга нэгэн болж хувирсан байдаг. Оны өмнөхөн ч УИХ-ын чуулган дээр хамгийн хатуу үгсийг тэд хэлж байв. Энэ бол тэд шударгатаа биш, ердөө албан тушаал горилж, гомдлын үгээ дайж байсан нь тэр юм” гэж ч олон нийт хардаг. Өөрөөр хэлбэл, салбарт болгонд шургалж явдаг, хамгийн популист гишүүд дахин сайдын суудал авахаар улайран тэмцэж байна гэж ч харж болохоор байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар томилохоор ярьж байна. Гэтэл Эрүүл мэндийн салбар гэдэг хамгийн эмзэг, гагцхүү мэргэжлийн хүн, зөв менежментээр удирдах учиртай салбар. Хамгийн гол нь, сайд солигдох тоолонд ажил цалгардаж, халаа сэлгээ орж, үр дагаварт нь иргэд хохирдог.

МАН-ын 14:30-д Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар зарим сайд, дэд сайд нарын томилгоог хэлэлцэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боомтын сайдад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайдад С.Чинзориг нарыг нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжжээ.

Х.Булгантуяа гишүүний хувьд УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдээс сайдаар томилогдож байна. Мөн хэд хэдэн яамны дэд сайдад дараах хүнийг томилохыг дэмжжээ.

Тодруулбал,

УИХ-ын дэд дарга

  • Л.Мөнхбаатар

Сайд

  • Барилга хот, хөгжлийн сайдаар Ц.Даваасүрэн
  • Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг
  • Боомтын сайдаар Х.Булгантуяа
  • Шадар сайдаар Ч.Хүрэлбаатар

Дэд сайд

  • БОАЖ-ын дэд сайдаар “Тавантолгой түлш” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар,
  • ЭЗХ-ийн дэд сайдаар одоогийн БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж,
  • Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Ж.Эрхэмбаатар,
  • УУХҮ-ийн дэд сайдаар О.Цэндсүрэн

Одоо Засгийн газар 16:30 цагаас ээлжит бусаар хуралдаж, уг томилгоонуудыг хэлэлцэхээр тов зарлаад байна. Үүний дараа шинэ сайд нар УИХ-д тангараг өргөнө гэж байгаа юм.

Хамгийн гол нь ямар ч төлөвлөлтгүй, тооцоололгүй томилгоонуудыг ээлж дараалан хийсээр байгаа юм. Мэргэжлийн бус хүнээр танхимаа дүүргэж, салбар бүрээ сэглэж байгаагийнхаа хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүлээх болов уу?

Leave a Reply

%d bloggers like this: