Эдийн засгийн үр ашгийг бүгдэд хүртээх зорилгоор Тайванийн засгийн газар иргэддээ бэлэн мөнгө тараана

Энэ онд иргэн бүрдээ $200 орчимтой тэнцэх бэлэн мөнгө тараах болсныг Тайванийн ерөнхий сайд Сү Цэн Чан саяхан мэдэгджээ.

Үүнийгээ улс орны эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийтээрээ хүртэх ёстой гэсэн зарчмаар тайлбарласан байна.

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг тус улсын энэ салбараас олсон орлого 2021 онд 6.45 хувиар өссөн нь 2010 оноос хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

2010 онд Тайванийн хагас дамжуулагчийн экспортын орлого 10.25 хувиар өсөж байв.

Хэдийгээр 2023 онд өсөлт удаашрах төлөвтэй байгаа ч Тайванийн засгийн газар өнгөрсөн оны татварын орлогынхоо 380 тэрбум тайвань доллартой ($12.4 тэрбум) тэнцэх хэсгийг иргэдийн ахуй амьдралыг тэтгэхэд буцааж зарцуулахаар болжээ.

Үүний 140 тэрбум тайвань долларыг улсынхаа иргэн бүрд тэнцүү хуваахаар болсон байна. Энэ нь нэг хүнд 6,000 доллар ($195.61) оногдоно гэсэн үг юм.

“Эдийн засгийн өсөлтийн үр шимийг балчир хүүхдээс эхлээд настан буурлууд хүртэл бүх иргэд хүртэх ёстой. Бид үүнийг сар шинийн баяраар бэлэг болгон тараах төлөвлөгөөтэй байна” гэж ерөнхий сайд Сү өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Хятадын уламжлалт сар шинийн баяр нэгдүгээр сарын 21-нд тохиох юм.

Мөнгө тараах шийдвэрийг парламент батлах ёстой ч эрх баригч Ардчилсан Дэвшилтэт Нам олонх болдог тул саадгүй хэрэгжинэ гэж үзэж байгаа ажээ.

Цар тахлын улмаас дэлхийн зах зээлд хагас дамжуулагчийн эрэлт өссөн нь Тайванийн эдийн засагт эергээр нөлөөлсөн юм.

Эх сурвалж: Ikon.mn, Aljazeera

Leave a Reply

%d bloggers like this: