Дэд сайдууд ямар бүрэн эрхтэй вэ?

  • Гантөмөрийн Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын,
  • Мягмаржавын Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайдын,
  • Охиндоогийн Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын,
  • Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын,
  • Сэрээжавын Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томилов.

Ингэснээр нийт 16 дэд сайдтай болов. Засгийн газрын тухай хуулийн 18 дүгээр зүйлд зааснаар дэд сайдууд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

2/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;

3/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;

4/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;

5/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

3.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.

4.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь түүнийг Засгийн газар томилсноор эхэлж, тухайн дэд сайдыг шинээр томилсноор дуусгавар болно.

5.Дэд сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

6.Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

7.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг уг албан тушаалд дахин томилоход саад болохгүй.

8.Сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ дэд сайд Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно.

10.Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно. Харин энэ талаар эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг нь хүлээнэ. Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмжээ.

 

Бэлтгэсэн: gogo.mn

Leave a Reply

%d bloggers like this: