Х.Нямбаатар: “УБТЗ“-ын орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.5 тэрбум төгрөг хураан авч, саатуулсан

Өнгөрөгч шөнө Эрүүгийн цагдаагийн газраас “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг /2023.01.06/ үүрээр саатуулсан байна.

С.Батдөлийн гэр болон объектод нэгжлэг хийхэд их хэмжээний бэлэн мөнгө гарч ирсэн байна. Нэгжлэгийн үеэр нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураажээ. Иймд уг эрх бүхий албан тушаалтныг ЭЦГ-аас саатуулж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байгаа юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр: “Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр буюу /2023.01.05/ өдөр  хойшлуулшгүй ажиллагаа  явуулж Улаанбаатар төмөр замын албан тушаалтан Б болон түүний хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нийт 7,3 тэрбум төгрөгийг хураан авч иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөн 4 тэрбум  гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иргэн Б-ийн хувьд Улаанбаатар Төмөр замд Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан ажлыг хариуцдаг” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганд мэдээлэл хийхдээ “Нүүрсний дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарна. Тээвэр, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй шүү. Байгаль орчны яамны газар зардаг нөхөд болгоомжтой байгаарай. Бас дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй. Үүний цаана байгаа улстөрчдийг зарлана. Ингээд манай бусад асуудал цэгцэрнэ” гэдгийг онцолж байсан. Тэгвэл төмөр замууд дээрх хулгайг цэгцлэх ажиллагаанууд эхэлсэн бололтой.

Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “С.Батдөл нь 2021 онд томилогдсон. Богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байсан” гэлээ.

Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Цагдаагийн байгууллага УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ачааны нүүрс тээврийн авлигын том сүлжээг ирүүлж, шалгах ажилд оржээ.

Leave a Reply

%d bloggers like this: