УИХ: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэг эмэгтэй, 10 эрэгтэйг оруулахаар баталлаа
“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орох хүсэлтэй иргэдийг 2022.12.23-30-ны өдрүүдэд бүртгэсэн. Бүртгэлийн хугацаанд нийт 136 хүн бүртгүүлсэн бөгөөд тэдгээрээс 11 хүнийг нь сонгож авч, “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн.
Энэ үеэр гишүүд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн төлөөлөл байхгүй байна хэмээн нэлээн шүүмжилсэн. Гишүүдийн саналын дагуу тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо руу буцаасан. Тус байнгын хороо өчигдөр оройдоо хуралдаж, нууц санал хураалтаар 11 хүний нэрийг шинэчилжээ.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Шинэчилсэн нэрсийг танилцууллаа. Тогтоолын төслийг хэлэлцэн, санал хураахад 42 гишүүн байлаа. Тэдний 31 нь хуулийн төслийг дэмжиж, 11 нь татгалзсан кноп дарлаа. Ийнхүү чуулганд ирсэн гишүүдийн санал хураалтаар нийт гишүүдийн 73.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг баталлаа.
Дараах иргэд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд багтжээ:
- Л.Төр-Од – Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
- Г.Галбадрах – Зураг, хөдөлмөрийн багш
- О.Амартүвшин – Эдийн засагч
- Ө.Ганхуяг – Эдийн засагч
- Х.Ганбаатар – Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
- Г.Чулуунбаатар – Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
- С.Эрдэнэбат – Хөдөлмөрийн эдийн засагч
- Д.Моондой-Радио электроникийн инженер
- Б.Отгонтөгс-Иргэн
- Ц.Мандхайхатан-“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас эрх зүйч
- О.Мөнхсахайхан-хуульч гэх 11 хүнийг нэр дэвшүүлж, тогтоолын төсөл боловсруулсан байна.