​Ж.Ганбат: ‘Эрдэнэс Тавантолгой’-ийн Ачаа тээврийн С зөвшөөрлийг 4680 ААН-д олгоно

Манай Улс, БНХАУ-ын хооронд олон улсын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгох болсонтой холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.

Нүүрсийг хил үнээр борлуулах, байнгын ачаа тээврээр хил нэвтрэх С зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд өгдөг байсан. Өмнө нь уг зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байсныг энэ оноос эхлэн уул уурхайн олборлолт, экспорт хийж байгаа компаниудад олгох Засгийн газрын шийдвэр гарсан байна.

Тэгвэл энэ оноос олон улсын тээврийн С зөвшөөрлийг хэрхэн олгох, Цагаан хадаас худалдан авагчдад нүүрс хүргэх С зөвшөөрлийг тендерээр шалгаруулах болсон талаар мэдээллээ. Монгол Улсад олгож байгаа нийт С зөвшөөрлийн 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр явагддаг байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Олон улсын тээврийн С зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК нь уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд олгодог болохоор болсон.

Бид энэ оноос хилээр гаргах нүүрсийг биржийн журмаар, хил нөхцөлөөр зарна. Мөн хоёрдугаар сараас нүүрсээ биржийн журмаар, цахимаар нээлттэй ил тод арилжаалахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Олон нийтийн хяналтыг тавих үүднээс, С зөвшөөрлийн олголтыг  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн вебсайтад бүрэн байршуулна. Тэгэхээр ямар зарчмаар, хэчнээн зөвшөөрөл яаж олгох талаар үзэхэд нээлттэй Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан баг ажиллаж байна. Хөрөнгийн бирж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөллөөс багтсан баг ажиллаж байна. Хоёрдугаар сарын 1-нээс нүүрсээ биржээр арилжаална гэж тооцож байна.

С зөвшөөрөл гэдэг нь Монгол Улс БНХАУ хооронд олон улсын тээвэрлэлт хийх автомашины зорчих зөвшөөрөл юм. Энэ нэгдүгээр сарын 15 хүртэл С зөвшөөрөл хуучнаараа буюу өнгөрсөн оныхоор явна. Харин нэгдүгээр сарын 15-наас хойш Эрдэнэс Тавантолгой ХК-д ногдсон С зөвшөөрлийг компаниудад олгоно. Хэрхэн, яаж олгох талаар тухайн үед нь мэдээлэл өгнө. Бид эхний ээлжинд хил үнээр худалдан борлуулах нүүрсний тээвэрлэлтийг гүйцэтгэх ААН-ийг ерөнхий гэрээний журмаар нээлттэй ил тод сонгон шалгаруулах байдлаар явуулна. Төрийн худалдан авах газар дээр хил нөхцөлөөр нүүрсээ зарахтай холбоотой тээвэрлэлтийн тендерийг зарласан байгаа. Энийг нэгдүгээр сарын 18-нд тендерээ нээж, дүгнээд 20-ны үеэр гэрээ байгуулагдана. Эндээс шалгарсан ААН-үүдэд нэн түрүүнд энэ оны анхны С зөвшөөрлүүдийг олгоно.

Мөн өнгөрсөн онд ам нөхцөлөөр зарж, борлуулсан, худалдан авсан нүүрс Цагаан хадан дээр бөөгнүүлсэн байгаа нүүрсийг худалдан авагчдад хүргэх тээвэрлэлтийн С зөвшөөрлийг зарлана. Нийт 2.7 сая тонн нүүрсийг худалдан авагч талд хүргэх ёстой.

Ирүүлсэн хүсэлтийн тоо нь олговол зохих С зөвшөөрлийн тооноос хэтэрсэн тул хүсэлт ирүүлсэн ААН-үүдэд ижил, шударга хуваарилах зарчим баримтална. Нийтдээ 2023 оны нэгдүгээр улиралд 7800 С зөвшөөрлийг Монгол Улсын хэмжээнд олгогдохоос 4680 нь ЭТТ-д ногдож байгаа юм.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос баталсан битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд хүсэлтээ гаргасан 10941 ААН байна. Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн систем дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хүсэлт ирүүлсэн 10296 ААН байна. Энэ хоёр газарт ирүүлсэн хүсэлтийн хянаж, нягтлаад 7904 ААН шаардлагыг хангаж байна. Эндээс “Эрдэнэс Тавантолгой” бодитоор 4680 ААН-д С зөвшөөрөл олгоно гэсэн үг. Үүнийг олгохдоо, биржээр нүүрсээ зарахтай холбоотойгоор 1698 ААН-д С зөвшөөрөл олгоно. Үүнийг тендереер шалгаруулан олгоно. Үлдсэн 2982 С зөвшөөрлийг Цагаан хаданд худалдан авагчийн авсан байгаа нүүрсийг хилээр гаргахтай холбоотой тээвэрлэлтэд хувь тэнцүүлэн тээврийн компаниудад олгоно. Цагаан хадан дахь нүүрсээ гаргаж дууссаны дараа яг тэр хэмжээгээрээ С зөвшөөрлөө олгоод явна.

Эдгээр компаниудыг хэрхэн сонгож С зөвшөөрлөл олгохоо ett.mn сайтдаа тодорхой байршуулна” гэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: