Хөгжлийн банкны нээлттэй сонсголд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан зэрэг 300 гаруй хүнийг гэрчээр дуудах тооцоолол гарсан

Хөгжлийн Банкны гэрч дуудах сонсголын талаар хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар мэдээлэл өгч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдсан. Энэ хүрээнд түр хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байсан.

Тэрбээр “Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон.

Энэхүү сонсголыг нэг, хоёр, гуравдугаар сард гурван үе шаттайгаар зохион байгуулна.

  • Энэ сарын 16-20-нд /Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд санхүүжүүлсэн 3.5 их наядын төгрөг бүхий 77 зээлдэгчтэй холбоотой зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг сонсож, холбогдох гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг зохион байгуулна/
  • Хоёрдугаар сарын 13-17-нд /Хөгжлийн Банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын 365 төсөл арга хэмжээний үр дүн, ашиглалт, зарцуулалтын талаар ярилцана. Мөн Хөгжлийн банканд өмнө нь хийгдэж байсан хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг сонсоно/
  • Гуравдугаар сарын 13-17-нд /Хөгжлийн Банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно/ Энэ асуудлыг өмнө нь огт хөндөөгүй байсныг онцлох хэрэгтэй.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг ирэх долоо хоногт шинжлэн судална.

Хяналт шалгалтын урьдчилсан мэдээгээр 77 зээлдэгчээс 22-ынх зарцуулалт хэвийн байна гэдэг дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн зээл олголтод зөрчил илрээгүй, эргэн төлөлт нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг.

Тэгэхээр зарцуулалт нь хэвийн үргэлжилж байгаа уг 22 зээлдэгчийг хасаж, үлдсэн 55 зээлдэгчийн мэдээллийг нэг бүрчлэн шалгана.

Бид нэг өдөрт 11 төсөл, хөтөлбөрийн зээлийн асуудлыг хэлэлцэхээр болсон.

Нотлох баримтыг шинэчлэн судлах сонсгол манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Ерөнхий хяналтын сонсгол, Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь зарчмын хувьд эрс ялгаатай. Нээлттэй сонсголд иргэд, олон нийт энэ сонсголд оролцохгүй. Зөвхөн УИХ дахь түр хорооны гишүүд холбогдох гэрчүүдээс асуулт асуух юм. Түр хороонд байдаггүй УИХ-ын гишүүд ч оролцох боломжгүй гэсэн үг.

МҮОНТ-ийн мэдээний сувгаар эл сонсголыг шууд дамжуулна. Сэтгүүлчид шууд дамжуулалтаас мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэж болно. Тиймээс Төрийн ордонд болох сонсголд сэтгүүлч нарыг оролцуулахгүй.

Одоогийн байдлаар 300 гаруй хүнийг гэрчээр дуудах тооцоолол гарсан. Гэрчүүдэд мэдэгдлийг хүргэж, гэрчээр дуудах ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна. Нээлттэй сонсголыг МҮОНРТ-ээр олон нийтэд шууд дамжуулна. Мөн хөндлөнгийн таван ТББ-ын төлөөллийг ажиглагчаар оролцуулна.

Leave a Reply

%d bloggers like this: