₮7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөлийг нэг сар хорихоор болжээ

“УБТЗ-ын албан тушаалтан “С.Батдөл” болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан” талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тэгвэл Шүүхээс “Яллагдагч С.Батдөлийг цагдан хорих таслан сэргийлэх санал нэгдүгээр сарын 6-нд ирсэн. Тухайн өдөр тэрээр шүүх хуралд биечлэн оролцсон. 48 цагийн хугацаагаар цагдан хорих байсныг шүүх суллачихлаа гэх мэдээлэл гараад байна. Гэвч анхнаасаа С.Батдөлийг гадуур байцааж байсан” гэлээ.

Ингээд өнөөдөр түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн  прокурор  М.Энхбаатар,  яллагдагч С.Батдөл  түүний  өмгөөлөгч Д.Амаржаргал  нарыг  оролцуулан  хянан  хэлэлцсэн юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан /  Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт  байгаа  бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана / гэснийг   үндэслэн  С.Батдөлийг  1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татжээ.

  • С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах  орон  сууцанд  болон  өөрийн гэртээ  нууж  татвар төлөхөөс зайлсхийсэн  гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд,
  • Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,300,000,000 төгрөгийг мэдсээр байж  түүнийг ашигласан,  түүний хууль бус эх үүсвэрийг  нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байна.
  •  С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Татвараас зайлсхийх/  мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  / Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан  байна.

Эцэст нь хэлэхэд шүүх бол хөндлөнгийн хараат бусаар шийдвэр гаргадаг төдийгүй нийгмийн сэтгэл зүй, олон нийтэд таалагдахаар шийдвэр гаргахгүй зөвхөн хуульд захирагдана гэснийг баримталж ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжаас мэдээ мэдээллээ авалгүй ам дамжсан яриагаар олон нийтийг талцуулж шүүхийн нэр хүндэд халдахгүй байх талд та бүхнийг анхаараасай гэж хүсэж байна” гэжээ.

Эрүүгийн Цагдаагийн Албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа уг хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татагдсан түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос ирүүлснийг эх сурвалж мэдээлэв.

18.3 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх

1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2.байнга тогтвортой үйлдэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Leave a Reply

%d bloggers like this: