Б.Жавхлан: Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирсан
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан.
Өнөөдрийн хуралдаанаар
- Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл
- Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай
- Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 24 асуудлыг хэлэлцсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн оны төсөв ДНБ-ий 5.1 хувь буюу мөнгөн дүнгээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан байгаа. 2022 оны гүйцэтгэл нь эдийн засгийн идэвхжил болон шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон бодлогын хүрээнд улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан.
ДНБ-ний 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж гурван хувиар буурсан байна. Энэ нь 1.45 их наяд төгрөгийг хэмнэсэн байна. Давж олсон орлого болон хэмнэсэн дүнгээр тэнцэл сайжирсан үр дүнтэй гарлаа. Эдийн засгийн ангиллаар харвал,
- Улсын төсвийн алдагдал 2.3 их наяд байх байсан зөрүү нь 1.1 их наяд
- Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай
- Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбум төгрөгөөр алдагдалтай
- Нийгмийн даатгалын сангийн төсөв 91.5 тэрбум төгрөг,
- Ирээдүйн өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус тус давсан орлоготой гарлаа.
Өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн тодотгол хийх үед 18 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол оны сүүлд 31.7 сая тонн нүүрсийг экспортолж чадсан.
Энэ нь төсвийн орлого, валютын нөөц нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн. Эдийн засгийн өсөлт жилийн эцсээр дөрвөн хувьд хүрлээ. 2021, 2022 онуудад дараалан эдийн засгийн өсөлттэй байсан.
АМНАТ төсөөлж байснаас давж биелсэн. Аж ахуй нэгжүүдийн орлого, татвар нэмэгдсэн. НӨАТ-ын татвар 44 тэрбум төгрөгөөр давж биелсэн.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нэмэгдсэн. Гаалийн албан татвар болон Онцгой албан татвар нэмэгдсэн. Энэ нь импорттой холбоотой. Экспортын орлого 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Оны эцсийн байдлаар 31.7 сая тонн чулуун нүүрс гаргасан бол зэсийн экспорт төлөвлөгөөгөө давсан. Нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн зүйл нь боомтуудаас гадна нарийн журам мөрдсөний үр дүн. Энэ удаа машин бүр 130-аас дээш тонн нүүрстэй гарсан.
Төрийн хэмнэлтийн хуулиар 30 тэрбум төгрөгийг тендерээс хэмнэсэн. Нийт 218 тэрбум төгрөг хэмнэсэн. Өнгөрсөн жил бид Чингис бондын эцсийн үлдэгдлийг төлж барагдуулсан. ДНБ-ий 70 хувьтай тэнцэх байсан өрийн үлдэгдлийг 56 хувь болгож бууруулж чадсан. Энэ жил 1.1 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Өрийн зохицуулалтыг хийх гэж арванхоёрдугаар сард оролдсон ч гадаад зах зээл хаалттайн улмаас бүтэлгүйдсэн. Жилийн эцсийн макро үзүүлэлт сайжирч гарсан.
Манай зээлжих зэрэглэлийг хэвээр нь хадгалж чадсан. Олон сар бэлдсэний эцэст нэг өдрийн дотор ам.долларын бондын арилжаа хийж 138 хөрөнгө оруулагчаас 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Ингэснээр хүүг нь 8 хувь руу буулгаж чадсан. Нэг өдрийн арилжаа хийх явцад үндэсний компаниудын гадаа өрийн үзүүлэлтүүд нэг өдрийн дотор сайжирсан. Гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкууд эзэмшдэг. Энэ удаагийн гадаад өрийн арилжааг банкууд маш сайн дэмжиж оролцсон.