Засгийн газар гадаад зах зээлээс таван жилийн хугацаатай $650 саяын бонд босгожээ

Засгийн газрын хуралдаанд 2022 оны жилийн эцсийн байдлаарх төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг Сангийн сайд танилцуулсан. Тэрээр энэ үеэр Монгол Улсын Засгийн газар  гадаад зах зээлээс шинэ бонд босгосон гэж мэдэгдлээ.

Тэрээр, Энэ жилийн тавдугаар сард төлөгдөх “Гэрэгэ” бондын 530 сая ам.доллар, дараагийн жил нь төлөгдөх засгийн газрын “Хуралдай” бондын 600 сая ам.доллар буюу нийт 1.1 тэрбум ам.доллар орчим Засгийн газрын өрийн зохицуулалт хийх зорилттой ажилласан.

Өнгөрсөн оны нэг сайшаалтай зүйл нь манай улсын зээлжих зэрэглэл тогтвортой явж ирсэн. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог гурван том байгууллага манай улсыг “Тогтвортой В” гэсэн үнэлгээг хэвээр хадгалсан.

Бид зах зээлээ судалж байгаад даваа, мягмар гаригийг тохиромжтой гэж сонгоод олон сар бэлдэж ажилласны үр дүнд нэг өдөр танилцуулгаа хийж, өчигдөр нэг өдөр арилжаагаа хийж, үүрийн 04:00 цагт хаасан.

Бид 650 сая ам.долларыг  5 жилийн хугацаатай, 11-12 хувийн хүүтэй байхаар тооцож, арилжаанд орсон. Энэхүү арилжаа өчигдөр бүтэн өдрийн турш үргэлжилж, урьд шөнө үүрийн 04.00 цагт хаагдсан. Бидний захиалсан 650 сая ам.долларын бондын хэмжээн дээр 138 хөрөнгө оруулагчаас нийт 4 тэрбум ам.долларын бондын захиалга ирсэн. Бондын захиалга амжилттай хийгдсэн бөгөөд хүүгээ 8.65 хувь болгон бууруулж чадлаа. Энэ бол маш том амжилт.

Өмнө нь АНУ-ын Төв банкны хүү нэг хувь байхад Гэрэгэ бондыг 5,7%, Хуралдай бондыг 8.75 хувийн хүүтэй босгож байсан.

Харин өнөөдөр бодлогын хүү 4.3 хувь буюу дөрөв дахин нэмэгдсэн үед бонд босгож чадаж байгаа нь гаднын хөрөнгө оруулагчид манай Засгийн газрын үйл ажиллагаанд өгч байгаа эерэг үнэлэлт, хандлага гэж хэлж болно. Манай гадаад өрийн менежментэд итгэж буйн илрэл.

Мөн өчигдрийн гадаад зах зээлд болсон арилжааны дараа манай улсын зарим ААН-үүдийн босгосон гадаад өрийн үзүүлэлтүүд сайжирсан. Мөн гадаад валютын нөөц нэмэгдэж, төсвийн гүйцэтгэлүүд сайн гарсан нь эергээр нөлөөллөө. Бонд босгох бэлтгэл ажлыг хангахалд Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яамны мэргэжилтнүүдийн үүрэг чухал байлаа. Мөн манай арилжааны банкууд чухал нөлөөтэй байсныг онцолж байна.

Энэ босгосон бонд арилжааны буюу төсөл хөтөлбөр санхүүжүүлэх бонд биш. Зөвхөн өмнө нь авсан бондын өрийг дахин санхүүжилт хийж байна. 2023 он болон 2024 онд нийтдээ 1.1 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Үүнээс 650 сая ам.долларыг дахин санхүүжилт хийх байдлаар зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, 650 сая ам.долларын өрийг 2028 он хүртэл сунгаж байна гэсэн үг. Үлдсэн 450 сая ам.долларыг бид энэ жил болон ирэх жилийн төсөвт суулгаж, хуваагаад төлнө гэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: