Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт Төрийн ордонд болж байна
Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл – нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна.
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй уулзалт, хэлэлцүүлэгт үе үеийн сайд, дарга нар, эрдэмтэн судлаачид, жагсагчдын төлөөлөл болсон 600 гаруй хүн оролцож байна.
Зөвшилцөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар оролцож, үг хэллээ.
Иргэн, Ардын их хурлын төлөөлөгч асан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүн Ламжав: Манай улс авлигын тогтолцоо руу гулсан орлоо. Үүнд засгийн эрхийг авахын төлөө улайрсан, одоо эрх мэдэлд хүрсэн хүмүүс буруутай. Үндсэн хуулийн улмаас энэ байдалд хүрсэн нь үнэн ч Үндсэн хуулийн нөлөө маш бага. Баахан ярианаас өөр юмгүй, урагш ахихгүй хоцрох вий гэж би болгоомжилж байна. Өнөөдрийн хурал ийм халуун болно гэж би бодсонгүй. Манай улсад үйлчилж буй хуулиар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хийсэн гэрээг УИХ батлах ёстой. Гэтэл ийм биш болсон талаар Ерөнхий сайд сая илтгэлдээ дурдлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болговол Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үүнд УИХ манлайлах нь зөв. Бүх ард түмний санал асуулга явуулж болно.
50.000 ИРГЭНИЙ ГАРЫН ҮСЭГ БҮХИЙ ШААРДЛАГЫГ ЕРӨНХИЙ САЙДАД ГАРДУУЛЛАА
Энэ үеэр 50.000 иргэний гарын үсэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардуулав. Сүхбаатарын талбайд жагсаж, олон хоног суулт хийсэн нэгэн залуу тухайн шаардагыг өглөө.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Саяхан хөл бөмбөгийн ДАШТ болж өнгөрлөө. Бүх дүрэм тодорхой байсан тул ямар ч маргаан гарсангүй. Бид орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг дан ганц хүн эсвэл тогтолцоотой холбон ярьж болохгүй. Аливаа том асуудлын нэг жижиг зүйлийг өөрчлөхөд л тухайн сэдэв үндсээрээ өөрчлөгддөг. Тиймээс бид Үндсэн хууль дээр гарсан алдааг харж байгаад өөрчлөлт хийж чадвал хулгай зогсоно.
Энэ бүх асуудлыг хоёр танхимтай парламентаар хязгаарласнаар залуусыг албан тушаал руу тэмүүлэх сэдлийг өдөөх эрсдэлтэй. Парламентыг хяналттай болгох хамгийн чухал алхам бол хоёр танхим байгуулан нэг нь нэгийгээ хянах явдал. Өндөр хөгжилтэй Их Британи, АНУ, Герман улсын парламент хоёр танхимтай үйл ажиллагаа явуулдаг.
Тиймээс манай улс хоёр танхимтай болох нь зөв. Ингэхдээ байгалийн баялгийг тэгш хүртээх асуудлыг мартаж болохгүй. Түүнчлэн монгол залуусаа их, дээд сургуульд үнэгүй сургаж яагаад болохгүй гэж. Хүн өвдөж байхад эмчилгээний төлбөрөө яагаад өөрөө төл гэдэг юм бэ. Үүнийг өөрчлөх ёстой.
Учир нь Үндсэн хуульд зөвхөн ЕБС-д үнэгүй сургана, ЭМД-аас хөнгөлөлт олгоно, илүү гарсныг нь өөрөө төлнө гэж заасан байдаг. Аливаа ойлгомжгүй байдал дураараа дургих асуудлыг өөгшүүлдэг. Бид ерөнхийлөгчийн эсвэл хоёр танхимтай болох тогтолцоо руу шилжих хэрэгтэй” гэлээ.
А.Отгонбаатар: Н.Энхбаярыг явуулчихвал, М.Энхболдыг хөөчихвөл сайхан болно гэсэн, өнөөдөр ямар байна?
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар тогтолцоо өөрчлөх цаг болсон гэдгийг хэлсэн юм.
Тэрбээр, Та нар өнөөдрийг хүртэл дандаа хүнтэй тэмцсэн. Н.Энхбаярыг явуулбал гоё болно гэсэн. М.Энхболдыг хөөвөл сайхан болно гэсэн. Гэтэл өнөөдөр ямар байна вэ? Тогтолцоогоо өөрчлөх цаг болсон хэмээлээ.