Б.Энхбаяр: Хөгжлийн Банкны зээлийн олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд цочирдох байх
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томиллоо. Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуув.
-УИХ асуудлаа танхимдаа биш хоёр давхрын Засгийн газрын хуралдааны өрөөнд хэлэлцэж байна. Мөн Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооны даргыг ойр ойрхон сольж байгаа нь энэ ажлыг бодлогоор тасалдуулах гэж байгаа хэрэг үү?
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэн судлах ажлыг ирэх долоо хоногт зохион байгуулна. Нийт гурван удаагийн сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн.
Олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд цочирдож, уулга алдах нь ойлгомжтой.
Гэхдээ бид хулгайг ярих, илчлэх, үүнтэй эвлэрэхгүй байх тал дээр манлайлж ажиллах ёстой. Миний хувьд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Хяналт шалгалтын түр хорооны даргын ажлыг дуустал нь хийнэ гэсэн бодолтой байна. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Айхгүй байна.
Энэ оны дөрөвдүгээр сард түр хорооны ажлынхаа тайланг УИХ-д танилцуулна. Тийм учраас Байнгын хорооны дарга болслоо гээд түр хорооны даргаас чөлөөлөгдөх ёстой гэсэн учир шалтгааныг олж харахгүй байна. Чөлөөлөгдөх дээрээ тулбал би байнгын хорооны дарга болох албагүй гэж бодож байна гэлээ.