Монгол Улсад ‘Bank of China’ салбараа байгуулах эрх зүйн орчныг нээнэ
УИХ-ын чуулганаар олон жил гацсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өнөөдөр батална. Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсад гадаадын томоохон банк санхүүгийн байгууллага хуулийн этгээдээр бүртгүүлэн ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм. Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголбанк олгоно. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай банк иргэдээс хадгаламж, харилцах татахгүй, жижиглэнгийн зээл олгохгүй гэдгийг хууль санаачлагчид тайлбарлаж буй. Харин дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөгжлийн зээл олгох байдлаар зохицуулжээ.
Гадаад хөрөнгө оруулалтын банк өнөөгийн дотоодын банкууд шиг охин компани байгуулж банкнаас өөр үйлчилгээ явуулахыг хуулиар олгох ААН, байгууллагад харилцах данс нээнэ. Хуульд заасан дэд бүтцийн төсөлд урт хугацааны буюу 10-20 жилийн хугацаатай зээл олгохоор зохицуулж байгаа юм. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк дэд бүтэц, зам, гүүр, хурдны зам, төмөр зам, эрчим хүчний салбарт түлхүү зээл олгоно. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын банк өөрийн хөрөнгийн хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргаж болно гэж хуульд тусгаж байгаа юм байна. Өөрийн хөрөнгө нь хамгийн багадаа 100 тэрбум төгрөг байх бөгөөд Хөрөнгө оруулалтын банк нэг зээлдэгчид 300 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний зээл гаргах боломжтой гэсэн үг.
Банкны тухай хуулиар арилжааны банкууд нэг зээлдэгчид өөрийн хөрөнгийн хэмжээний 20 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зээлийг олгох зохицуулалттай байгаа юм. Харин Хөрөнгө оруулалтын банкны хуульд өөрийн хөрөнгийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэн гэж зааж байгаа хөгжлийн том төслүүдийг дэмжих зээл олгох учраас ингэж заажээ.
Өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд гадаадын томоохон банк зөвхөн төлөөлөгчийн газраа байгуулан, хязгаарлалттай нөхцөлөөр үйл ажиллагаа явуулах зохицуулалттай. Гадаадын банкны төлөөлөгчийн газар нь тусгай яриа хэлэлцээрийн хүрээнд зарим аж ахуйн нэгжид ам.доллар, юанийн зээл олгох, дотоодын банкуудтай хамтран ажиллах байдлаар хүрээгээ тодорхойлж ирсэн. Одоогоор Монгол Улсад Хятадын хоёр, Японы нэг банк төлөөлөгчийн газартай. Нэлээд хэдэн жилийн өмнө гадаадын зургаан банк төлөөлөгчийн газартай байсан ч тал нь Монголоос гарсан.
Одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадаадын банкуудын ажиллах хууль эрх зүйн орчныг тодорхой болгосноор өрсөлдөөн үүснэ, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болно гэж харж байгаа юм. Энэхүү хууль батлагдсаны дараа Монгол Улсад хамгийн түрүүнд салбараа нээх гадаадын банк нь БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой “Bank of China” байх хамгийн өндөр магадлалтай. Тус банк Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулаад арван жил болж байгаа бөгөөд салбар байгуулах /банкны лиценз/ хүсэлтээ удаа дараа Монголбанк, Засгийн газрын түвшинд илэрхийлж байсан. Харин сүүлд уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцээд шийдвэр гаргаж чадахгүй хаасан гэдэг.
Гэхдээ энэ хууль батлагдсанаар “Bank of China” Монголд салбараа нээх буюу банкны үйл ажиллагаа явуулах лиценз авах эрх зүйн орчин бүрэн нээгдэнэ гэсэн үг. Ингэхдээ Монгол Улсад хуулийн этгээдээр бүртгүүлж, охин компани байдлаар үйл ажиллагаа явуулна. Төв банкнаас тусгай зөвшөөрөл авч, үндэсний төлбөрийн системд бүртгэгдэнэ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын хувьд гадаадын банк, санхүүгийн байгууллагад дотоодын банкинд хөрөнгө оруулж, хувь эзэмших хэлбэрээр нэвтэрсэн. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй банкуудаас гурав нь гадаад банкны хувьцаа эзэмшигчтэй байна.
Мэдээллийг Itoim.mn бэлтгэн нийтэлснийг хүргэлээ.