ЧУУЛГАН: Гадаадын банк Монголд салбар биш охин компани хэлбэрээр ажиллана, үндэсний төлбөрийн системд бүртгэгдэнэ
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, ажлын хэсэг хариулав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийн асуудал өмнө нь нэг хөндөгдсөн. Буцахдаа гадаадын улс орнуудын төрийн өмчийн компани хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж яригдаж байсан. Одоо бол хуульд гадаадын орнуудын төрийн өмчит компаниуд хөрөнгө оруулалт хийж болохгүй гэдгийг бататгаж асууж байна.
Гадаадын том хөрөнгө оруулалтыг дагаж гадаадын банкууд орж ирдэг. Оюутолгой-Рио Тинтог дагаж хоёр гадаадын банк орж ирэх гэж байсан. Гэтэл Рио Тинтогийн мөнгийг гадаадын банкинд байршуулж болно гэчихээр Монголд тэр банкууд орж ирэхгүй болчихож байгаа юм. Үнэт цаас гаргана гээд байгаа. Гадаадын зах зээл дээр үнэт цаас гаргаж босгоод өр нэмэхээр Монгол Улсын өр л нэмэгдэнэ. Хөгжлийн банк шиг асуудал үүсвэл энэ аюултай зүйл шүү.
Хууль гарсны дараа Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг газрууд хяналт тавьж ажиллах ёстой шүү. Монголбанк хяналтаа сайн тавиагүйгээс Хөгжлийн банкны асуудал үүссэн шүү.
УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг: Гадаадын төрийн өмчит банк Монголд хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулалтын тухай хуулиар нэг улсын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 1/3-ээс илүүгүй байх ёстой гэсэн заалтын дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар явна. Гадаадын төрийн өмчит банк зөвшөөрөл хүсээд, энэ лимитийг хэтэрсэн байх юм бол Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дээр давхар санал авч байж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо шийдвэр гаргана.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн 15.2 дахь заалтаар үүнийг зохицуулна. Хэрэв төрийн өмчит хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21-д заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас урьдчилсан зөвшөөрөл авна. Хөрөнгө оруулалтын тухай хуульд банк санхүү, уул уурхай, харилцаа холбооны салбарт гадаадын төрийн өмчит компани орж ирж байгаа тохиолдолд урьдчилсан зөвшөөрөл авах зохицуулалттай. Үүнийг дагуу явна.
Гадаад өрийн асуудалд таны хэлж байгаа зөв. Гадаад зах зээл дээр үнэт цаас гаргахад ямар нэгэн хязгаарлалтыг энэ хуулийн төслөөр тавихгүй. Гэхдээ нэг талаас гадаад өр гэж бүртгэгдэж байгаа ч нөгөө талдаа төлбөрийн тэнцэл дээр гадаадын хөрөнгө оруулалт гэж бүртгэгдэнэ. Тиймээс бусад гадаадын хөрөнгө оруулалттай ижил статустай явагдана. Энэ дээр Монголбанк тухай бүрд нь зохицуулсан хяналт тавиад явна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бүх хөрөнгө, төслөө барьцаалж зээл авчхаад зээлээ төлж чадахгүй тохиолдолд тав хүртэлх жилийн хугацаанд 20 хүртэлх хувийн хувьцааг нь тухайн хөрөнгө оруулалтын банк саналын эрхгүй эзэмших юм байна. Ийм эрсдэлтэй тохиолдолд хөрөнгө оруулалтын банк хөрөнгө оруулах уу. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө оруулалтын банкны эрх ашиг хэрхэн хангагдах вэ.
Нөгөө талд Хөрөнгө оруулалтын банкууд орж ирсний дараа том компаниуд, том төсөл, төрийн өмчит компаниуд, уул уурхайн орд лицензүүдэд зээл өгөөд, наагуур цаагуур хуйвалдаад нэг мэдэхэд хөрөнгө оруулалтын банкны өмч мэдэлд оччихвол яах вэ? Энэ эрсдэлээс хамгаалсан заалт бий юү, ямар арга хэмжээ авах вэ?
УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг: Лицензээ барьцаалаад алдчих вий гэж байна. Зээл авахдаа Банкны тухай хуулиар зохицуулсан барьцааг барьцаална. Уул уурхайн компани байвал лицензийг нь барьцаанд авдаг. Барьцаанд автал зээлэнд эрсдэл гарч зээлдэгчээсээ лицензийг нь авах тохиолдол гарвал банк эзэмшихгүй. Банк зээл төлөх дараагийн компанид эзэмшүүлэх процесс болно. Өөрөөр хэлбэл, банк лицензийг авахгүй, барьцаанд нь л байна. тэр лицензийг эзэмшиж, өрийг барагдуулах дараагийн компани нь Ашигт малтмалын хуулийн дагуу лицензээ шилжүүлж авна. Лицензийг дуудлага худалдаагаар авна. Тэрнээс биш банкинд лиценз үлдээд бөөгнөрөх зүйл болохгүй.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван:
-Анх өргөн мэдүүлсэн хуульд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эзэмших хувьцаа нь 49 хувь гэж оруулж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үндсэн үүрэг нь төсөл санхүүжүүлэх байна. Энэ үндсэн үүрэгтэй холбоотойгоор тухайн компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшдэг байх юм. Одоо мөрдөгдөж буй хуулиар арилжааны банкууд хуулийн этгээдийн хувьцааны 10 хүртэлх хувийг л эзэмшдэг. Энэ банк нь зөвхөн төслөө санхүүжүүлж, үндсэн үүргээ л биелүүлье гэж зааж өгсөн. Төслийн хэмжээнээс хамаараад олон улсад хувь эзэмших хугацаа нь 5-9 жил байдаг. Өөрийн хөрөнгө оруулж буй төсөлд хувьцааг нь 5 жил хүртэлх хугацаагаар эзэмшээд, дараа нь буцаагаад тухайн компанидаа зарах юм.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Хөрөнгө оруулалтын банк орж ирэхийг дэмжиж байна. Нэгэнт гадны хөрөнгө оруулалтын банк оруулах гэж байгаа бол гайгүй хууль хийж, томхон юм оруулж ирмээр байна. Баахан заалтаар хязгаарлачихаар банк бус санхүүгийн байгууллага шиг л юмнууд орж ирнэ дээ. Эрх үүргийг нь ч тавиад том банк орж ирэх боломжийг нь олгох ёстой.
Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс лицензээ барьцаалж гаднын банкнаас зээл авахаар мөнгө нь гаднаас орж ирдэггүй. Эцэст нь лиценз нь гадаадын банкинд оччихдог.
Гадаадынхан Монголд хөрөнгө оруулж байгаа нэртэй лиценз тавиад зээл аваад алга болчихдог. Ийм бүлэглэл ч үүссэн. Үүний хамгийн том жишээ бол Саусгоби Сэндс. Мөнгийг нь шарууд аваад явчихсан, лиценз нь БНХАУ-ын Экзим банк дээр очсон. Ингээд тус банкны төлөөлөгч нэртэй хэдэн улсууд нүүрс гаргаад, уурхайг эзэмшиж байна. Ийм жишээ олон бий. Зарим нь монгол талтайгаа хуйвалдаад лицензээ банкинд тавиад мөнгийг нь зориулалтын дагуу ашиглахгүй, хувааж алга болгодог.
Монголбанк үүнд хяналт тавьдаггүй. Тиймээс Банкны хуульдаа ч тэр, Ашигт малтмалын тухай хуульдаа ч тэр энэ талаар тусгаж, дээр нь банк, ашигт малтмалын тухай хуулиуддаа авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж буйд, мөнгө нь орж буй эсэхийг хянах шаардлагатай. Тэгэхгүй бол лицензүүд ийм аргаар гаднынханд очдог. Энэ талаар заалт байна уу?
Ашигт малтмалын болон банкны тухай хуульд үүнийг яаж оруулж ирэх вэ? Одоо байгаа ашигт малтмалын хууль бол лицензээ тавиад туучихсан хууль байгаа шд.
УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг: Энэ хууль гарахгүй байснаар л ийм асуудал үүссэн. Гадаадын банк орж ирээд хууль байхгүйгээс төлөөлөгчийн газраа нээгээд байгаад байсан. Төлөөлөгчийн газраар дамжуулан зээлийн хүсэлт гаргаад тэрийгээ гадаадад очиж гаргадаг байсан учраас ийм асуудлууд үүсээд байна. Энэ хууль гарснаар энэ асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын банк хөрөнгө оруулалт хийвэл манай улсын татвар төлөгчдөд л үйлчилгээг үзүүлнэ. Барьцаалсан лиценз нь улс дотроо л үлдэх юм.
Хязгаарлалт гэж хэлж байгаа нь цөөн хэдэн зүйлд байгаа юм. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээ байгаа. Нөхцөл байдалдаа уялдуулж Монголбанк зохицуулна. 3 жилээс дээш ажилласан байх ёстой, тухайн улсын холбогдох байгууллагаас тухайн банкны талаар мэдээлэл авахаар заасан.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Гадаадын санхүүгийн байгууллага Монгол Улсад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа явуулахаар бол зөвхөн охин компани байгуулна. Салбар нээж үйл ажиллагаа явуулахгүй. Ингэснээр охин компани нь Монгол Улсад хуулийн этгээдийн бүртгэлтэй явна. Төв банкнаас нь тусгай зөвшөөрөлтэйгөөр үндэсний мөнгөний системд орж явна. Бусад хууль, олон улсын гэрээ конвенцийн дагуу бид олон улсын мөнгөн урсгалд хяналт тавихгүй байх үүрэг хүлээдэг. Охин компани хэлбэрээр байгуулагдаж байгаа учраас Төв банк хяналтаа тавиад явна. Бид дүрмийн сангийн хэмжээг Монголбанкинд авснаар илүү уян хатан байдлыг бий болгож байгаа юм. Олон улсад төрөлжсөн болон арилжааны банкнаас дүрмийн сангаар 4-5 дахин их байдаг. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль батлагдсанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад хэд хэдэн журам батална. Зээлээ зориулалтын дагуу ашиглахад Төв банк хяналт тавиад, торгуулийн болон бусад хуулиар батлагдсан албадлагын арга хэмжээ авна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Аливаа хууль, шийдлийн ард бодлого байдаг. Энэ хуулийн ард ямар бодлого байна вэ? Хууль батлагдсанаар гуравдагч орны банкны хөрөнгө оруулалт, салбар нь орж ирэх юм уу? Орж ирнэ гэж бодвол манай хоёр хөршийн төрийн өмчит банкууд л салбараа байгуулах байх. Аль эрт 2010 онд ч юмуу, Монгол Улсын эдийн засаг гайгүй байхад нь энэ хуулиа оруулж ирээд батлахгүй яасан юм. Нэг нам хэтэрхий олонх байгаа нөхцөлд энэ хуулийг оруулж ирээд батлах нь Монгол Улсын газар нутаг, байгалийн баялаг бусад улс орнуудын мэдэлд оруулах зүйл харагдаад байна.
Бусад орнуудад бол бодлого нь өөрийн иргэд, аж ахуй нэгжээ хамгаалах чиглэлд байдаг. Манайд бол хулгайчид Монгол Улсын ашигт малтмалын баахан лицензийг авчихаад гадаадын банкны барьцаанд тавьчихаад гараад явчихдаг. Тэгээд лицензийг нь дуртай нь дуртайдаа шилжүүлдэг. Цаана нь гадаадын иргэн байдаг. Монгол Улсад энэ хууль бүрэн хэрэгжихэд хууль шүүхийн систем маш чухал. Гэтэл манайд хууль шүүхийнхэн авлигад эдэгдэж, бүгд хэн нэгний захиалгатай гар хөл болчихсон. Ломбард, банкны зээлийн хүүг буулгана гэсэн эсрэгээрээ болчихсон. Энэ мэтээрээ Монгол Улсыг Пакистан гэж хэлмээр байна. Хамгийн эхэнд ямар улсын банк орж ирэхээр байна? Судалгаа нь яаж гарсан бэ? Лицензийг шүүхийн шийдвэргүйгээр дамжуулах нь эрсдэлтэй.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Гуравдагч орны банкийг оруулж ирэхийн тулд л энэ хуулийг баталж байгаа юм. Компаниуд дотоодоосоо зээл авч чадахгүй болохоороо л лицензээ барьцаалж, гадаадын банкнаас зээл аваад байна шүү дээ. Тиймээс бид хууль эрх зүйг нь тодорхой болгож, хуулиа гаргах хэрэгтэй. Хоёр хөршөөс банк орж ирээд гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэр алгадахад санаа зовниж буйд Монголбанк зөвшөөрөл олгохдоо Засгийн газраас зөвшөөрөл авна. Цаашлаад УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч хэлэлцэгдээд явна. Хууль гаргахдаа энд ашигтай, хортой эсэхэд биш Монгол Улсын хөрөнгө оруулагчдад, дотоодын хөрөнгө оруулагчдад банк санхүүгээр хангахад анхаарсан.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван:
-Манай улсад гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар ажиллаж байгаа. Үүнээс Япон улсын банк төлөөлөгчөөрөө дамжуулан Монголд хамгийн их хэмжээний зээлийг олгосон. Харин Хятад улсаас 2017 оноос хойш манайд зээл олгоогүй. Тиймээс манайд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах сонирхол Японд их байна гэж Төв банк харж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал, шийдлүүд хуулиар нарийн зохицуулагдаагүй байна. Хураан авсан лицензийг дуудлага худалдаагаар худалдана, нийтэд борлуулна гэдгийг ард гадаадынхны олз болох асар том эрсдэл байна. Монголбанк нь харилцан хамааралгүй аж ахуй нэгжүүдэд яаж өгөх вэ гэдгээ сайн бодохгүй бол нэг улсад бүх лиценз орчих вий.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Хуулийн хэрэгжилт дээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хатуу хяналт тавьж ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтын банк 3 төрөл байдаг. Гэхдээ манайх төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк гэсэн тодотголтой баталж байна. Хуульд Санхүүгийн зохицуулах хороо Монголбанкнаас хамааралтай мэтээр заасан нь байж болохгүй зүйл шүү. Санхүүгийн зохицуулах хороо бол бие даасан институц.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк түүний толгой компани, актив, пассив зэрэг харилцааг Монгол Улсын холбогдох хуулиуд болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан журмаар зохицуулна гэж. Хамтран баталсан журмаар зохицуулна гэдгийн цаана хуулийн хулгай, асуудлыг үзэмжээрээ шийддэг. Баталсан хуулийн араас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо журам гаргаад үзэл баримтлалаас нь зөрөөд явчих вий дээ. Эхэндээ хүрзээр хулгайлдаг байсан одоо вагоноор нь зөөдөг болсон. Ийм зүйл рүү энэ хоёр баталсан журмаараа боломж олгох вий. Хуулиас давсан журам гаргахгүй байх ёстой шүү.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.