Төсвийн шинэчлэлийн хуулийг баталснаар татвар төлөгчдийн мөнгийг нийт иргэдэд тэгш хуваарилах боломжийг бий болно

Төсвийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд төсвийн төлөвлөлт, ил тод байдал, сахилга бат, хяналт хариуцлагыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьж, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн бусад гишүүдийн хамт хэвлэлийн хурал хийлээ.

Төсвийн шинэчлэлийн хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: Төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн сайн хөгжлөө дэмжсэн улсууд өндөр хөгжиж байна. Гэтэл манай улсад аймгийн дарга нар, сайд нар, УИХ-ын гишүүдийн үзэмжээр төсвийн хуваарилалтыг жалгаар нэг тараасан. Үүнээс шалтгаалж Монгол Улс хөгжихгүй байгаа. Энэ хуулийн хамгийн гол зүйл нь хариуцлагын асуудал юм. Төсвийг анх хэлэлцэхдээ мэргэжлийнхний болон иргэдийн саналыг аваагүй байвал төсвийн ерөнхийлөн захирагчид хариуцлага тооцно.

Үндэслэлгүй тоо баримтад тулгуурлаж төсвийн төслийг хэлэлцүүлж батлуулсан байвал мөн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох талаар төсөлд тусгасан. Төсвийг буруу зарцуулж, ангилал зөрүүлбэл төсвийн ерөнхийлөн захирагч нарыг ажлаас нь чөлөөлөх үндэслэлийг хуулийн төсөлд оруулсан” гэсэн юм.

Түүнчлэн аймгуудад зөрүүтэй төсөв тавигддаг талаар “Төсвийг Засгийн газар баталсны дагуу УИХ хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл харамсалтай нь Ерөнхий сайдын аймагт Говьсүмбэр аймгаас найм дахин их хөрөнгө оруулалт тавигдаж байгаа. Мөн Дархан-Уул аймгийн нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ Говьсүмбэрээс дөрөв дахин их байна.

Төсвөөр дамжуулан ялгаварлан гадуурхаж, Засгийн газар бүрэн эрхээ буруу ашиглаж байгаа юм. Төсвийн шинэчлэлийн хуулийг баталснаар татвар төлөгчдийн мөнгийг нийт иргэдэд тэгш хуваарилах боломжийг бий болно.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төсвийн алдагдал жил бүр өсдөг. Хамгийн том санхүүжилтийн эх үүсвэр зөв байгаа юу гэдэгт боломжгүй, чадамжгүй гэдэг дүгнэлтийг бүгд хийдэг. Жил бүр бид төсвийн хүрээг өөрчилдөг. Жил бүр тодотгол хийдэг. Ингэснээр төсвийн тогтвортой байдал үгүй, тоо нь бодитой биш. Монгол улсын төсөв хөгжлийн биш халамжийн төсөв. Хуримтлал үүсгэдэг бус өр үүсгэдэг болсныг бүгд мэдэж байна. Төсвийг алдагдалгүй, өргүй баталъя.

Төсвийн цаглаварт өөрчлөлт оруулж байна. Одоогийн хуулиар 45 хоногийн хугацаанд төсвийг хэлэлцэж баталдаг. Харин шинэчлэлийн хүрээнд 9 сарын 1 гэхэд Сангийн яам төсвийг УИХ-д өргөн барьдаг байхаар хуульчилж байна. Ингэснээр төсвийг хянах хугацаа 75 хоног болж нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Жил бүрийн төсөв батлах үед жигд бус төлөвлөлтийг ярьдаг. Энэ шинэчлэлийн хүрээнд төсвийн хуваарилалтыг жигд хийх, хүн амын нягтаршилтай уялдуулах боломжтой. Төсөв баталсны дараа татвар төлөгчид гомдолгүй үлдэх ёстой.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хяналт хариуцлагын бодлого алдагдсанаар хулгайн хэргүүд гарч байна. Тиймээс реформын шинж чанартай нэмэлт өөрчлөлт өргөн барьж байна. Сүүлийн 10 жил улсын төсөв нэмэгдэж байгаа ч эзийн засаг нэгэн хэвдээ байна. Тиймээс хариуцлагатай, тогтвортой байхад хуулийн гол агуулга оршиж байна.

Leave a Reply

%d bloggers like this: