Сэтгүүлчид нэгдэж, Хөгжлийн банканд холбогдох 87 этгээдийн шүүх хурлуудыг нээлттэй явуулахыг хүслээ
Хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн төлөөллөөс өнөөдөр /2022.01.16/ Шүүхийн ерөнхий зөвлөлд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 87 этгээдийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт хүргүүллээ. Харин Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ) биечлэн уулзлаа.
АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 87 этгээдийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлээд байгаа. Тэдний шүүх хурлыг нээлттэй явуулж, процесс дахь олон нийтийн хяналтыг хангахыг хүсэж, сэтгүүлчид ийн нэгджээ.
Сэтгүүлчдийн төлөөлөл болж Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг, Eguur.mn сайтын Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам, Nuuts.mn сайтын үүсгэн байгуулагч С.Будрагчаа нар хүрэлцэн иржээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Шүүх дээр очоод бүдгэрдэг, алга болдог, хэрэгсэхгүй болдог, уддаг ийм жишээнүүд баримтаар ил байгаа. Тодруулбал, “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат гэдэг хүн Хөгжлийн Банканд 197 тэрбум төгрөг төлөх ёстой. Энэ шүүх хурал 2018 оноос хойш 17 удаа хойшилж, шүүх дээр хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон бүр цаашлаад хөгжлийн банкны барьцаанд байсан барьцааг шүүх өөрсдөө суллачихсан байна.
Үүнтэй зэрэгцээд хөдөөгийн сумдад хуурай сүүний үйлдвэр барина гэж “Монгол драй милк” компани, тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн Банкнаас 47 тэрбум төгрөг авсан. Зээлээ төлөх ёстой. Маргаан үүсээд бас таван жил болж байна. Нэг шүүгч дээр очоод 17 удаа хойшилдог.
Хойшилж байгаа шалтгааны ард компаниуд хожиж байдаг. Учир нь маргаан үүсээд эхлэхээр хүү нь зогсчихдог. Тэд хүүгүй мөнгө ашигладаг, бас хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хаагдаад, Хөгжлийн Банкны өрийг иргэд татварын мөнгөөрөө төлөх эрсдэлтэй хэмээн ярив. Иймд зээл олголт ямар байдлаар өрнөсөн, ямар хүмүүс зээл аваад, яагаад төлөөгүйг олон нийт мэдэх ёстой гэж сэтгүүлчид үзэж, шүүх хуралдааныг нээлттэй зохион байгуулах хүсэлтийг гаргаж байгаа юм.
Шүүх хуралдаанд оролцогчид, өмгөөлөгч нар, хууль хяналтын байгууллагынхныг оролцуулан тооцвол нэг хэрэг дээр 200 орчим хүн оролцож магадгүй байгаа аж. Үүн дээр нэмээд сонирхсон бусад иргэн болон хэвлэл мэдээллийнхэн гээд үндсэндээ 300 орчим хүн багтаах танхимыг бэлдэж өгөхийг ШЕЗ-өөс хүсэв.
Мөн тэрээр 87 хэргийг харахад 30 гаруй нь хөгжлийн банкны захирал, удирдлагуудтай холбоотой. 4 УИХ-ын гишүүн, Монгол банкны ерөнхийлөгч, хуулийн байгууллагын хурандаа нар гэсэн ийм хүмүүс байсан. Нэрсийг харахад их анхаарал татсан. Яагаад гэвэл дандаа төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө орж болохуйц албан тушаалтнууд байгаа учраас энэ асуудлыг бол олон нийтэд нээлттэй ил тод явуулах нь чухал юм байна гэж үзэж байгаа.
Eguur.mn сайтын Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам: 2015 онд “Нүүрс” хөтөлбөрийн асуудал өрнөсөн. Энэ хүрээнд иргэн Б.Гантуяа буруутгагдсан байдаг. Харин шүүх хурал нээлттэй явагдаж, Б.Гантуяа олон нийтийн өмнө өөрийгөө хамгаалж чадсан. Ийм учраас энэ эмэгтэй “Төр намайг хохироосон” гэдэг үндэслэлээ ойлгуулсан. Энэ өөрөө шүүх нээлттэй явагдахын давуу талыг ойлгуулсан бодит кэйс.
Хөгжлийн банкны асуудлын хүрээнд зээл авсан ААН-үүдээ төр удаан хугацаанд мишок болгож “нүдсэн”. Өөрийгөө тайлбарлах боломж хувийн ААН талд олдсонгүй. Тал талын үгийг нээлттэй хэлүүлэх, үүнийг олон нийт шууд хүлээн авах боломжийг бий болгох нь зүйтэй. Энэ чиглэлд анхаарч өгөөч хэмээн сэтгүүлчид нэгдэж байна. Олон нийтийн хяналтын хүрээнд явсан аливаа хэрэгт нэг тал илтэд хохирохгүй байх давуу талтай. Үүнийг нааштай хүлээж авна гэдэгт итгэж байна. Бидний зүгээс мөн олон нийтэд мэдээлэл хүргэх эрхээ эдлэхийг хүсэж байна гэсэн үг юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс “Асуудлыг олон нийтэд нээлттэй дамжуулах чиглэлээр ийн хандаж буйг хүлээн авлаа. Чиг үүргийн хорооны гурван гишүүн та бүхний шаардлагыг хүлээн авч, хэлэлцэхээр ирсэн. Бид анхааралтай авч үзнэ. Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, шийдвэрийг иргэдэд ойлгомжтой хүргэх чиглэлд бид бодлого баримтлан ажиллаж байгаа. ШЕЗ нь шүүхийн хараат бус байдлыг хөндөхгүйгээр энэ нөхцөлийг ханган ажиллах ёстой. Хэрэг өөр, өөр шүүхүүд дээр очиж байгаа. Бидний зүгээс цахим хуудсаа ч хариуцлагатай хөтөлж, хамгийн анхдагч, ойлгомжтой эх сурвалж байлгахаар хичээж байна гэлээ.
ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг: Шүүх хуралдааныг зөвхөн шүүхийн байранд хийдэг. Олон хүнийг оролцуулаад аль нэг сургуулийн зааланд зохион байгуулж болохгүй гэж үү гэх бодол тээж байж болох юм. Гэхдээ энэ бол тийм биш. Бид эрх зүйт төртэй улс. Хуульдаа захирагдаж, шүүн таслах ажиллагаагаа явуулах ёстой. Өнөөдрийн байдлаар харамсалтай нь хүссэн хэмжээний олон хүнийг багтаах шүүх хуралдааны том танхимд Монголд байхгүй.
Талууд, өмгөөлөгч, прокурор зэрэг дээр нэмэгдээд сонирхсон хүмүүс, сэтгүүлчид оролцоно гэвэл бүгдийг нь багтаах шүүх хурлын танхим гэж байхгүй. Гэхдээ бодит байдлаа ярьж байгаа нь нөхцөлийг нь хангаж өгөхгүй гэж байгаа хэрэг огт биш. Шүүх хурал нээлттэй явна гэж шийдвэрлэвэл нөхцөлийг нь чадлынхаа хэмжээнд хангана гэлээ.