Төрийн албан хаагчдын ИТГЭЛ НУРЖ, амьдралд нэмэртэй ажил хайж байна
Төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх замаар цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх дараах таван багц асуудлыг оны өмнө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батласан. Эдгээр шийдвэрийг хэрэгжүүлэхэд зориулж нийт 266.2 тэрбум төгрөг зарцуулахаар 2023 оны нэгдсэн төсөвт тусгасан юм.
Төрийн албан хаагчийн цалинг нэмэх нь нийгмийн захиалга гэж хэлж болохоор байв. Өөрөөр хэлбэл агуулгын хүрээнд иргэдээс өндөр оноо авч хүлээлт үүсгээд байсан ч цалинг хэдэн төгрөгөөр, ямар байдлаар нэмж байгаа зэрэг шалтгаан нөхцлүүд ил болж эхэлмэгцээ нийгмийн шүүмжлэлд өртөөд буй. Тодруулбал, төрийн албан хаагчийн цалин хамгийн багадаа 21,372 төгрөгөөр, ихдээ 543,888 төгрөгөөр нэмэгдсэн бол огт нэмэгдээгүй тохиолдол ч байгаа юм. Тиймээс иргэд төрийн албанаас гарахаа илэрхийлэхийн зэрэгцээ ажил ихтэй, цаг наргүй, тохирсон цалин хөлсгүй зэрэг асуудлуудыг нь хөндөн шүүмжилсээр байна.
Иймд бид 10-24 жил төрийн албанд ажиллаж буй албан хаагчдын төлөөлөл болгож дараах иргэдээс бодит байдлыг тодруулсан юм.
Иргэн “Д” төрд 24 жил зүтгэж байгаа ч ажлаасаа гарч лангуутай болвол дээр гэж бодох болжээ
Кэйс-1: Иргэн “Д” багш мэргэжилтэй. Тэрбээр төрийн албанд 24 дэх жилдээ ажиллаж байна. Харин одоо нэр бүхий яаманд ажилладаг. Ам бүл гурвуулаа амьдардаг бөгөөд нөхөр нь группт, хүү нь сургуулийн сурагч. Түүний сарын цалин энэ онд 466,000 төгрөгөөр нэмэгдэж 1,512,024 төгрөг болсон. Сар бүрийн цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлд 173,822 төгрөг, ХАОАТ-т 117,814 төгрөг суутгуулж гар дээрээ 1,220,388 төгрөг авдаг.
Үүнээс гар утасны зээлд 300,000 төгрөг, цалингийн зээлд 400,000 төгрөг, ипотекийн зээлд 250,000 төгрөг төлдөг гээд тооцоход түүнд ердөө 270,388 төгрөг үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл гурван ам бүлтэй энэ айл 270 мянган төгрөгөөр нэг сар амьдарна гэсэн үг. Мөн тэрбээр өдөр бүр оройн 23 цаг хүртэл ажилладаг. Ингээд зогсохгүй ажлын ачаалал маш их учир зарим тохиолдолд амралтын өдрөөр ч ажиллах хэрэгцээ шаардлага үүсдэг байна. Иргэн Д төрийн албаны энэ мэт байдлаас залхаж, хувийн лангуутай болох тухай ч бодох болсон тухайгаа бидэнд хэлсэн юм.
Иргэн “Ц” болон түүний эхнэр хоёул төрийн албан хаагч бөгөөд сарын цалингаа бүгдийг нь зээлдээ өгдөг
Кэйс-2: Иргэн “Ц” ам бүл тавуулаа. Хөдөө сумын төвд амьдардаг. Түүний хоёр хүүхэд хотод оюутан, бага нь сумын ЕБС-ийн дунд ангийн сурагч. Эхнэр болох “Н” нь хүүхдийн цэцэрлэгт багш. Тэд хоёулаа их хэмжээний цалингийн зээлтэй. Тодруулбал, эхнэр “Н”-ийн үндсэн цалин 757,907 төгрөг. Үүн дээр орон нутгийн нэмэгдэл 75,000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 75,000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл гэж 130,000 төгрөг нэмж тооцогддог. Ингээд бодохоор түүний цалин 1,037,907 болж байна. Тэрбээр энэхүү цалингаасаа сар бүр НДШ-д 120,190 төгрөг, ХХОАТ-т 74,494 төгрөг төлөхөөс гадна цалингийн зээлд 350,000 төгрөг, гар утасны зээлд 158,000 төгрөг төлдөг. Мөн сар бүр хүүхдийнхээ хадгаламж руу цалингаасаа 100,000 төгрөгийг автоматаар татуулдаг байна. Ингэхээр түүнд ердөө 235,223 төгрөг үлдэх аж.
Харин түүний нөхөр “Ц”-ийн хувьд багийн дарга бөгөөд сар бүр 680,000 төгрөгийн цалин авах ёстой ч 19 сая төгрөгийн цалингийн зээлтэй учир цалингийнхаа зээлд сар бүр 700,000 төгрөг төлдөг. Тэгэхээр гар дээрээ огт цалин авахгүй бөгөөд харин ч зээлээс нь 20,000 төгрөг дутаж байгаа юм.
Тэрбээр энэ тухайгаа: “Нууж хаах зүйлгүй бодит нөхцөл байдал ийм л байна. Бид амьдрахын төлөө гээд нүдээ аниад зүтгэдэг ч цалин маань хаана хаанаа хүрэлцэхгүй арга буюу зээл авахад хүрдэг. Хоёр хүүхдийн сургалтын төлбөрөөс гадна өмсөж зүүх, амьдрах байр гээд асуудлууд их. Бас гэр бүлийн хүнсний хэрэгцээ, амьдралын наад захын мөнгөний шаардлагууд өдөр бүр гардаг. Энэ бүхнийг өр тавихгүйгээр шийдэх ямар ч боломжгүй” гэв.
Засгийн газраас оны өмнө төрийн албан хаагчдын цалинг нэмэхтэй холбоотой ямар шийдвэрүүдийг гаргасан бэ
Төрийн захиргааны болон тусгай албаны албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг дараах байдлаар шинэчилсэн
Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ нь 15 зэрэглэл тус бүрт 3-5 шатлалтай, төрийн тусгай албаны цалингийн сүлжээ нь 18 зэрэглэл тус бүрт 3-5 шатлалтай буюу нийт 153 ялгаатай цалинтай байсан. Үүнийг өөрчлөн төрийн захиргааны албан тушаалын 15 зэрэглэлийг 10, тусгай албаны 18 зэрэглэлийг 13 болгон нягтаршуулав. Мөн үндсэн цалинг одоо мөрдөгдөж байгаа цалингийн шатлалын хамгийн өндрөөр нь тогтоож нэг шатлалтай болгосон.
Үр дүнд нь төрийн захиргааны 14 мянга орчим, төрийн тусгай албаны 40.7 мянга орчим албан хаагчийн цалин 12-15 хувь нэмэгдэж, үүнд улсын төсвөөс 141.3 тэрбум төгрөг зарцуулах юм.
Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоов
Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлж үндсэн цалинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Засгийн газар 2022 онд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёлын салбарын төрийн үйлчилгээний болон төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Үр дүнд нь 1-4 дүгээр шатлалын цалинтай 106.7 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалин дунджаар 9.0 хувиар нэмэгдсэн.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 550.0 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Үр дүнд нь төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 8 хувиар нэмэгдэж байна. Энэ арга хэмжээнд 40.9 тэрбум төгрөг зарцуулна.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчийн төрд ажилласан жил бүрт нь төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг тооцож олгосноор цалин хөлс нь 2-5 хувиар нэмэгдэх боломжтой болсон юм.
Төрийн албан хаагчийн төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болов
Төрийн захиргааны болон үйлчилгээний албанд анх ажилд орсон албан хаагч тасралтгүй таван жил ажилласны дараа ажилласан жилийн нэмэгдэл авч эхэлдэг. Энэ байдлыг Засгийн газар өөрчилж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг жил бүрээр бодож олгодог байхаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Үүний дүнд 160.0 мянган төрийн албан хаагчийн цалин хөлс 2-5 хувиар нэмэгдэж, төрийн албанд чадварлаг албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ. Энэ арга хэмжээнд 50.1 тэрбум төгрөг зарцуулна.
Орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэв
Орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний орон нутгийн нэмэгдэл олгохоор тогтсон. Мөн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө төрийн захиргааны албан хаагчид олгох орон нутгийн нэмэгдлийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой байдлаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Ингэснээр орон нутгийн 12 мянга орчим төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс 20-100 хувиар нэмэгдэнэ. Түүнээс гадна захиргааны албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, төвлөрлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзсэн. Үүнд улсын төсвөөс 33.9 тэрбум төгрөг зарцуулна.
Нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэв
Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 20.4-т “Засгийн газар нийслэл, дүүргийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг нутгийн захиргааны бусад адилтгах албан тушаалын ангилал зэрэглэлээс өөрөөр тогтоож болно” гэж заасан. Энэхүү хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон.
Доорх хүснэгтээс төрийн албан хаагчдын цалин шатлалаар хэрхэн нэмэгдсэнийг харж болно. Тодруулбал, хамгийн багадаа 21,372 төгрөгөөр, ихдээ 543,888 төгрөгөөр нэмэгдсэн бол огт нэмэгдээгүй тохиолдол ч байна.

Инфографик: Төрийн албаны албан хаагчдын цалин нэмэгдэж хэдэн төгрөг болсон бэ