ҮЭ: Инфляцaaс доогуур байна, Албан хаагчдын цалинг 50 хувиар нэм!

Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэхийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шаардлаа. Инфляцын түвшинтэй уялдуулан иргэд хөдөлмөрчдийн хөлсийг ялгаварлалгүй 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ илэрхийлсэн юм.

Тэд шаардлагаа удаа дараа УИХ, Засгийн газар болон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороонд хүргүүлсэн байна.

Гэвч Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар цалин нэмэх эцсийн шийдвэрийг хэлэлцээгүй. Мөн төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх, цалинг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулан төрийн зарим алба хаагчийн цалингийн тодорхой хувь хэмжээг нэмэх талаарх Засгийн газрын тогтоол нь иргэд, төрийн албаны ажилчдыг ялгаварласан шийдвэр гэж ярьжээ.

Тодруулбал, Төрийн нийтлэг үйлчилгээний нэгдүгээр ангиллын ажилчдын цалин дээд тал нь 79,000 төгрөг, доод тал нь 41,00 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэвч энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ердөө 15,000 төгрөгөөр илүү байгаа юм. Мөн төрийн захиргааны албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй харьцуулахад 10 дахин бага байна. Ийм учраас инфляцийн түвшинтэй уялдуулан иргэд хөдөлмөрчдийн цалинг ялгаварлахгүйгээр 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж буй юм. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажил хаялт зарлана гэдгээ тус холбооноос мэдэгдлээ. Тэд хоёрдугаар сард багтаан боловсрол шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмүүлэх хүсэлтэй байгаа аж.

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл “Боловсролын салбарын ажилчдын цалин  сүүлийн хоёр жилд инфляцтай уялдуулахад 30 хувь буурсан. Цалин нэмсэн гэж байгаа ч инфляц 15 хувьтай тэнцэж байгаа нь төрийн алба хаагчийг ядуурлын түшинд хүргэхээр байна. Жишээ нь Төрийн нийтлэг үйлчилгээний нэгдүгээр ангиллын ажилчдын цалин дээд тал нь 79 000, доод тал нь 39 000 төгрөгөөр нэмэгдэх тогтоол гарсан. Гэхдээ энэ нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн мөрдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 15 000 төгрөгөөр нэмэгдсэн нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна.

Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг төрийн захиргааны албан хаагчдын нэмэгдүүлсэн дээд цалинтай харьцуулахад 10  дахин бага хувиар нэмэгдсэн. Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин боловсролын салбарын ажилтнуудын 30 хувьд нь хамаарч байгаа бол 70 хувьд хамаарах ажилчдын цалин нэмэгдэхгүй байгаа нь шударга бус.

Боловсролын салбарт хүний нөөц дутагдаж, 2-3 хүний хийх ажлыг нэг хүн хийж, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байна.

Иймд МБШУҮЭХ-оос тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол тэмцэл зохион байгуулах ажлын хэсэг байгуулна ” гэлээ.

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа: “Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар тогтоолоор гаргасан нь иргэд, хөдөлмөрчдийг ялгаварласан шийдвэр гэж үзэхээр байна.

Энэхүү 488 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний бага дунд боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний мэргэжлийн боловсролын салбарын ажилнуудын цалин нэмэгдээгүй. Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин хөлс нь боловсролын салбарын ажилтнуудын 30 хувьд нь хамаарч байгаа бол 70 хувьд цалин хөлс нэмэгдэхгүй байгаа нь шударга бус байгаа талаар аймаг, салбарын ҮЭ-ийн холбоод, ҮЭ-ийн гишүүдийн зүгээс энэ асуудлаар гомдол санал ирүүлж байна.

“Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзах санал хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.  Гүйцэтгэлийн санхүүжилтийг бодитоор хэрэгжүүлбэл үр дүн гарч байгаа ч энэ нь цөөн хэдэн эмнэлэгт хэрэгжиж байна.

 Анхан шат буюу өрх, сумын болон аймаг дүүргийн эмнэлгүүдэд бүрэн хэрэгжихгүй байна. Иймд  салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж туйлын доогуур байгаатай холбогдуулан суурь цалин буюу үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхээр шаардсан шаардлагаа шийдвэрлүүлэхийн төлөө эмч, ажилтнууд тэмцэхэд бэлэн” байгаа гэж мэдэгдлээ.

Leave a Reply

%d bloggers like this: