Цагдаагийн 102 албан хаагч Англи хэл сурахаар “Филиппин” улсыг зорино
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр “Филиппин улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах санаачлагыг зохион байгуулжээ.
Сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нээлттэйгээр байршуулсан байна.
Нийт 183 алба хаагч суралцах хүсэлтээ гарган материалаа ирүүлснийг хүлээн авч, Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд өчигдөр буюу 1-р сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр 102 алба хаагч тэнцэж, хэдхэн хоногийн дараа 2 дугаар сараас эхлэн Филиппин улсад хоёр сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болжээ.
Дээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашлаад Америкийн Нэгдсэн Улсад Хар тамхи, Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорин ажиллаж байгаа талаараа Хууль зүйн дотоод хэргийн сайд онцлон хэллээ. Мөн алба хаагчдын тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг сонсож, Хууль зүй дотоод хэргийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч ажиллажээ.