ЭЭЖҮҮД: Ерөнхий сайдаа танаас хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шийдвэр гаргахыг шаардаж байна

Төв талбай дээр өнөөдөр “Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрд” уриатай жагсаалыг Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас зохион байгуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох ёстой. Арван хүүхдийн нэгийг ялгаварласан хэрэг боллоо.

Арван тэрбум төгрөг наад захын бага шатны албан тушаалтны гэрээс олдож байна. Өөрөөр хэлбэл хулгайч нар хүүхдүүдээс хулгайлж идэж байна. Харин хүүхэдгүй байж өөрсдөдөө олон хүүхэд зохиож, мөнгийг нь завшиж байна уу гэдгийг мөрдөн шалгах хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаас 24 цагийн дотор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шийдвэр гаргахыг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлж чадахгүй аваас таныг Монгол Улсын Ерөнхий сайдын албанд тэнцэхгүй хүн гэж үзэн дараагийн шаардлагыг тавих болно. Мөн энэ мэдээллийн зөрүүг үүсгэсэн төрийн бүх албан тушаалтан, хорооны дарга ажлаасаа огцрох ёстой. E-Mongolia системийг удирдан ажиллаж байгаа, хөрөнгө оруулсан бүх даргыг ажлаас нь халах ёстой” гэлээ.

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан ээжүүдийн төлөөлөл: “Бид Нийгмийн, Хамгаалал Хөдөлмөрийн Яаманд өргөдөл, гомдлоо хүргүүлсэн. Харьяа дүүрэг, хороо, Нийгмийн Даатгалын Хэлтэс, Татварын Ерөнхий Газар, Үндэсний Статистикийн Хороо, Үл хөдлөх хөрөнгийн газар, Улсын бүртгэлийн газар гэх мэт очиж болох бүх газраар орсон. Гэтэл бие бие рүүгээ чихсэн явдал байсаар байна. Яагаад цахим үндэстэн гэсэн атлаа өнөөдөр бид нэг өдрийн цалингаа алдаад, хүүхдээ энд тэнд үлдээн барин түгжрэл дунд төрийн байгууллагаас байгууллагын хооронд гүйсээр л  байгаа юм?

Төрийн албаны хийх ёстой ажил байхад бид бүртгэлийн систем засуулах гэж ажлаа алдаж байгаад бухимдалтай байна. Бидний орлогыг тооцсон бол зээл, татвар гэх мэт зарлагыг бас тооцож үзэх ёстой. Хүүхдийн мөнгөө тэгш авмаар байна” гэв.

 

Мэдээллийг ikon.mn сайт бэлтгэн нийтэлснийг хүргэлээ. 

Leave a Reply

%d bloggers like this: