Байр суурь: Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах талаар судлаачид юу хэлэв

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл гараад удаж байгаа. 2019 онд хийсэн нэмэлт, өөрчлөлт үр дүнгээ өгч эхлээгүй, дагалдах хуулиудад ч өөрчлөлт хийж амжаагүй байж, гурван жилийн дараа дахин нэмэлт, өөрчлөлт хийх асуудлыг эрх баригчид хөндөж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй шинэ Үндсэн хууль батлах гэж оролдож байна гэх хардлага ч нийгэмд үүсээд байна. Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дор хаяж 10 жил хэлэлцэж, ард түмний зөвшилцлийн үндсэн дээр хийдэг. Тэгвэл одоо Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаарх судлаачдын байр суурийг хүргэж байна.

О.Машбат: Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг мөн үү. Цаг үеийн байдлаа мэдрэх хэрэгтэй

Байр суурь: Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах талаар судлаачид юу хэлэв

Үндсэн хууль судлаач, хуульч О.Машбат: 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, засаж сайжруулахдаа хийж чадаагүй, дутуу үлдээсэн зүйл үнэхээр бий. Үүнийгээ гүйцээгээд хийчихвэл манай Үндсэн хууль маш орчин үелэг болно. Энэ бол сонгодог хууль. Орчин үед сонгодог гэж тооцогдож байгаа хуулийн нэг. Тэгэхээр үүгээр явахад боломжтой. Дутуу үлдээсэн зарим нэг зүйлээ гүйцээвэл гүйцээчихмээр байна. Нэгэнт тухайн үед тунаад үлдчихсэн учир хуулийнхаа дагуу хийх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа доод тал нь арван жилийн судалгаа хийдэг. 2019 онд үлдсэн зүйлүүд дээр судалгаа хийгдсэн байсан. Тэгэхээр үүнийг үргэлжлүүлж хэлэлцээд няхуур явах ёстой. Долоо хэмжиж нэг огтол гэдэг. 2019 оны Үндсэн хуулийг долоон жил хэлэлцэж хийсэн шүү дээ. Одоо бид дахин долоон жил хэлэлцэж нэг удаа хийхэд энэ процесс нь явж байх ёстой. Гэхдээ яаруу сандруу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу гэдэг нь дараагийн асуудал. Цаг нь мөн үү, биш үү. Дэлхий ертөнц ороо бусга байна. Хойно дайнтай, урд нөхцөл байдал хэцүү байна. Тэгэхээр улстөрчид цагийн байдлаа мэдрээд хийх ёстой. Гэхдээ бид хуулиа, зарчмуудаа барих ёстой. Олон нийтийн хэлэлцүүлэг хийх, өргөн дэлгэр ярилцах ёстой. Бүх сайхан санаанууд орж чадахгүй.

О.Хатанболд: Үндсэн хуульдаа гар дүрээд байх нь Үндсэн хуулийн чадамжийг сулруулна

Байр суурь: Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах талаар судлаачид юу хэлэв

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч О.Хатанболд: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал эхлээд хаанаас гарав гэдгээс эхлээд яръя. Өнгөрсөн хавар болсон “Монголдоо сайхан амьдаръя” болон өнгөрсөн сард болсон нүүрсний хулгайчдаа тэмцэх жагсаалуудаас Үндсэн хуулиа өөрчилье гэдэг асуудлыг нэг ч хүн яриагүй. Гэтэл гэнэт л Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг яриад эхэлсэн. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд хүчтэй, улс төрийн эрх мэдэлтэй болсон. Ийм эрх мэдэлтэй байгаа хэрнээ өнөөдөр яагаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг ярих болов. Үүнийг гурван өнцгөөс харж болохоор санагдаж байна. Нэгд, эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дотоод зөрчил буюу аль том хүчин жижиг хүчнээ дарах эсвэл жижиг нь томынхоо хэмжээнд очих боломж гэж хараад байх шиг байна. Хоёрт, үнэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзвэл бид дунджаар 2.5 жил болоод Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна. Цэцийн дүгнэлтээр өнгөрсөн онд “давхар дээл”-ийн асуудлыг мөн өөрчилсөн. Энэ мэт ойр ойрхон Үндсэн хуульдаа гар дүрээд байх нь Үндсэн хуулийн чадамжийг сулруулна. Нийгэм, улс төрд үүсээд байгаа тулгамдсан асуудлын суурь нь улс төрийн намуудын төлөвшил. Шуудхан хэлэхэд улс төрийн намаар дамжин бодлого боловсруулах, шийдвэр гаргах, өндөр, дунд албан тушаалд очсон хүмүүсийн хувийн аминчхан үзэл, ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьдаг асуудал. Энэ бүхэн Үндсэн хуульд гар дүрэх суурь болоод байна.

О.Мөнхсайхан: Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагагүй

Байр суурь: Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах талаар судлаачид юу хэлэв

МУИС-ийн Үндсэн хуулийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайхан: Улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлууд: Шударга ёс” сэдэвт илтгэлдээ, Монгол шиг нэгдмэл, Бүгд найрамдах, цөөн хүн амтай, нэг үндэстний улсад нэг танхимт парламент тохирдог. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагагүй буюу хугацаа болоогүй байна.

Д.Бумдарь: 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт дутуу байсан

Байр суурь: Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах талаар судлаачид юу хэлэв

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь: 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт дутуу байсан. Сонгуулийн тогтолцоо, ерөниийлөгчийн институц, гишүүдийн тоог нэмэх зэрэг зүйл дээр тухайн үед улс төрийн зөвшилцөлд хүрч чадаагүй буюу Зөвлөлдөх санал, асуулга явуулж байх үедээ эдгээрийг гээчихсэн. Монгол Улс өөрөө парламентын чадавхгүй болчихоод байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг ард түмнээсээ асуухад хүрч байна гэдэг нь өөрөө парламентын чадавх тэгтлээ унасан гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс дан ганц сонгуулийн тогтолцоонд анхаарал хандуулахаас илүү парламентын засаглал өөрөө үндсэн үүргүүдээ биелүүлж чадах хэмжээнд байна уу, үгүй юу гэдэг асуудал ҮХНӨ-ийн гол цөм нь байх ёстой гэж харж байгаа.

Сонгуулийг холимог системээр явуулах асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр улс төрийн нам хэнийгээ жасгаалтаар оруулж ирэх нь тухайн намын эрхийн асуудал. Гол нь ямар хүн жагсаалтаар оруулж ирсэн нь ард түмэнд ил тод байж, шүүх боломжийг нь олгох ёстой. Хоёрдугаарт, зөв кандидат буюу нэр дэвшигчийг сонгохгүй бол дараагийн сонгуульд тухайн улс төрийн намд том хариуцлага болж бууна. Мөн парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг би хувьдаа дэмждэг. Яагаад гэвэл манайх засаг захиргааны нэгжийн хувьд маш том. Гэтэл 76 тойрогт хуваагдаад зөвхөн тухайн тойргийнхоо асуудлыг шийддэг ийм гишүүдийг сүүлийн 30 жилийн тогтолцоо бүрдүүлчихсэн байна шүү дээ. Сөрөг үр дагавар нь үндэсний хэмжээний бодлого ярих боломжгүй болно гэсэн үг. Төсвийн асуудал яригдахад тойрог руугаа чирээд явчихдаг. Хоёрдугаарт, том тойрог учраас тухайн гишүүн өөрийнхөө “мөлхөө” сүлжээг бий болгодог. Гэтэл энэ байдлаас болж нийт үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, хууль батлах, баталсан хуульдаа хяналт тавих үүрэг бүхий төрийн түшээ үнэн хэрэгтээ сонгуулиас сонгуулийн хооронд тойргоо л усалдаг улс төр хийж байна. Энэ бол хамгийн том сөрөг тал буюу гажуудал.

 

Мэдээллийг Itoim.mn бэлтгэн нийтэлсэнийг хүргэлээ. 

Leave a Reply

%d bloggers like this: