Ж.Мөнхбатын араас өнөөдөр Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ӨГЛӨӨ
Нүүрсний 44 их наяд “хулгайлсан” нэр бүхий 17 этгээдийг АТГ-аас зарласан. Тэд АТГ-д мэдүүлэг өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын хэрэг шүүхэд шилжлээ.
Өнгөрсөн долоо хоногт нүүрсний хулгайд нэр холбогдсон тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах хүсэлтээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гаргасан бол өнөөдөр Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт өгчээ.
Тэрбээр “УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ.
Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна” хэмээжээ.
Тэгвэл хандлагын дагуу нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, “Ажнай ”Д.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө гаргаж, шийдвэрлүүлээд хууль хяналтын байгууллагад шалгуулчих нь хэрэгтэй дээ.
Ингэж байж хулгайд холбогдолгүй “гэх” өөрсдийн яриагаа хууль хяналтын байгууллагаар баталгаажуулж, няцаагаад авчих нь зүйтэй дээ.
Энэ дагуу прокурорын газраас УИХ-ын гишүүн АН-ын А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, МАН-ын Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, зарим нэгэнд нь хилийн хориг тавьсан тухай мэдээлэл гарсан.
Иргэд олон нийт тэдэнд хариуцлага хүлээлгэхийг хууль хяналтын байгууллагаас шаардсаар байгаа юм.