Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болно
Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.
Прокуророос 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэв. Үүнээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийн тов гарсан байна.
Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаан, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байгаа аж.
Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дуусжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр хандсан боловч тухайн шүүхүүдэд өөрсдийн шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх заал танхим байхгүйгээс “боломжгүй” гэх хариуг ирүүлэв.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулах багтаамжтай заал, танхим, техник тоног төхөөрөмж, хүний нөөц, шүүх хуралдааны үеийн аюулгүй байдал, дагалдах бусад асуудлын бэлтгэл зохион байгуулалтыг дангаар хангаж ажиллах боломж, хүч нөөц хязгаарлагдмал тул тус шүүхээс болон шүүхийн Тамгын газраас шүүн таслах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд хуралдааныг хуулийн хугацаанд, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлсэн болохыг мэдэгдэж байна.