Гэрээсээ 7 гаруй тэрбум төгрөгөө хураалгасан С.Батдөлийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгав

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэв.

Түүний 30 хоног цагдан хоригдох хугацаа дуусч байгаа тул Нийслэлийн прокурорын газраас Сэнгээгийн Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02-р сарын 06-ны өдөр хүргүүлжээ. Шүүх саналыг 2023 оны 02-р сарын 08-ны өдөр Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

С.Батдөлийн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа.

Эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Leave a Reply

%d bloggers like this: