Х.Баттулга хэнийг, юу гэж хэлэв
Хөгжлийн банкны УИХ-ын түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцлоо.
Тэрээр Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдэд нэр холбогдсоны хажуугаар нүүрсний гэх хэрэгт шалгуулж буй. Түүнийг гадаад руу зугтлаа гэж хардаж байсан ч сонсголд оролцов. Сонсголд тэр хэнийг, юу гэж хэлснийг тоймлон хүргэе.
Ч.Хүрэлбаатар аж үйлдвэржилтийг жадлан эсэргүүцдэг хүн
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байхад юун татан буулгах вэ. Тухайн үед Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын дарга байхдаа энэ асуудлыг оруулж ирсэн. Сангийн сайд байхдаа татан буулгах юм яриад явж байна. Би үүнийг Ч.Хүрэлбаатар толгойлж хийсэн гэж бодож байна. Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуураа боловсруулах, газрын баялгаа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол энэ Ч.Хүрэлбаатар. Ер нь 5, 10 хүн л байдаг. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” баригдах ёстой гэдэгт одоо хүртэл би итгэлтэй байдаг.
Ц.Ууганбаярыг миний зөвлөх байсан гэснээр нь тамлаж байна
Яармаг хороолол гээд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр дээр Х.Баттулгын зөвлөх байсан гээд Ц.Ууганбаяр гэдэг залууг тамлаад л байна. Миний зөвлөх байсан хүмүүс ямар нэг ажил хийгээд явж болмоор санагдах юм.
Б.Энхбаяр сургаар ярьдаг хүн байна
Сургаар ярьж бие биенээ ялламааргүй байна. Б.Энхбаяр та өөрөө сургаар, хүний хэлснээр ярьдаг хүн шиг байна лээ. Залуу хүн алдаа гаргаж байгаа байх. Эхлээд нягтлаад надтай уулзаад, энэ асуудлыг нээлттэй ярья гэсэнгүй.
Т.Доржханд аа, УИХ-ын гишүүн хүн байж буруу зүйл сурталчлахаа боль
Мухар төмөр зам л гэнэ, Доржханд аа. Өөрөө их буруу сурталчлаад байна. Ингэж буруу сурталчилдаг цөөхөн л хүн бий. Энэ бол ойлголтын зөрүү байгаа юм. Тэгэхгүй бол та над руу дайраад л байх болно. Жишээлбэл, 20 мянган төгрөгийн талх гээд байж болохгүй зүйлийг та өөрөө ярьсан. УИХ-ын гишүүн хүн байна. Өмнө нь насаараа төрд ажилласан байж ийм хэмжээний мэдээлэлтэй л байх ёстой.
С.Батболд төмөр зам барих мөнгө өгөөгүй
Байгалийн баялгаас орж ирж буй орлогууд аманд ч үгүй, хамарт ч үгүй байна. Орж ирсэн орлогын зөрүү гадаад оффшорт үлддэг болсон. Хэдхэн тооны баячуудтай болсон. Тиймээс 5000 км төмөр зам барьж чадвал нэг улсаас хараат бус болж чадна. Зөвхөн Хятадад юмаа зараад баяжина гэж байхгүй шүү дээ. Зүүн Ази, төв Азийг хөндлөн төмөр замаар, босоо тэнхлэгээр Евро Ази буюу Хятад, Оросыг холбох ёстой юм. Төв Азийн мөрөөдөл нь хөгжиж буй Зүүн Азитай эдийн засгаар холбогдох. Үүнийг сайн ухвал та нар бүгд л ойлгоно. Х.Баттулга гэдэг хүн яриад байгаа учраас янз бүрийн байдлаар хорлогдоод байна. С.Батболд Ерөнхий сайд байхдаа төмөр зам барих мөнгө гаргаж өгөөгүй. Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөг гаргачихсан. Сонгуулийн дараа очоод уулзтал мөнгийг нь шийдчихгүй яасан юм бэ, тэгсэн бол төмөр замаа барьчих байсан юм гэтэл “Х.Баттулга аа, сонгууль болох гээд байсан, манай намынхан намайг дарамтлаад байсан юм. Төмөр замын мөнгийг нь битгий өгөөрэй, нэр хүнд нь өсчихнө тэгээд зогсоож байсан” гэж ярьж байсан. Ерөөсөө л ийм зүйл болсон.
М.Отгонжаргалаар орчуулга хийлгэдэг байсан
Моёлын Отгонжаргалыг танина. Олон жил ажилласан орчуулагч. Ямар нэг байдлаар орчуулгын асуудал гарахад ажилладаг байсан. С1 телевизийн захирлаар дээр үед ажиллаж байсан хүн. Энэ хүн Хөгжлийн банкны зээлтэй ямар ч хамаа байхгүй.
Мэдээллийг Itoim.mn сайт бэлтгэн нийтэлснийг хүргэлээ.